ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобус компаниудын ажилтнуудын НД-ын хуримтлагдсан өрийг барагдуулна

O.Admin
2022-05-31

Зорчигч тээврийн нэгтгэл болон Зорчигч тээвэр III орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2018 оноос өнөөдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 4,896.0 сая төгрөгт хүрчээ. Дээрх хоёр байгууллага нь 2025 ажилтантай бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас үүдэн нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээг ажилтнууд авч чадахгүйд хүрээд байгаа аж.

Тиймээс нийслэлийн 2022 оны төсөвт зохицуулалт хийж, урьдчилсан санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Нийслэлийн ИТХ-д Засаг даргаас оруулж ирсэн юм. Тодруулбал, Орон нутгийн өмчит зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын нийгмийн даатгалын өрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг дордуулж, өр төлбөрт унагасан асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. Тодруулбал, төлөөлөгч П.Ганзориг автобус компаниудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахыг дэмжиж байгаа ч, хууль бус үйл ажиллагааг өөхшүүлээд байж болохгүйг сануулсан юм.

Харин төлөөлөгч П.Наранбаяр энэхүү асуудлыг төсвийн тодотголын үеэр хэлэлцэх саналыг гаргав. Харин төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Энэ бол санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал. Харин төсвийн тодотголоор бид зардал танах тухай асуудлыг хэлэлцэнэ” гэлээ. Улмаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч дээрх хоёр аж ахуйн нэгжийн өмнөх онуудад үүссэн өр төлбөрийн улмаас байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн тул 2022 оны төсөвт батлагдсан машин цагийн зардлаас нийгмийн даатгалын 4 тэрбум төгрөгийн барагдуулах урьдчилсан санхүүжилт олгохыг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, тогтоолыг баталлаа.