Эрсдэлийн судалгаагаар, төмөр замын тээвэр хамгийн аюулгүй тээвэрт тооцогддог аж. Гэтэл хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл гэгддэг галт тэрэг Монголд ойрхон зайтай хоёронтоо замаасаа гарч, осол болов. Харин албаныхан “байгалийн гамшиг” гэдэг ганцхан зөвтгөлөөр өөрсдийгөө хамгаалаад, “азаар хүний амь эрсэдсэнгүй” гэдэг шашинлаг үгээр залбирч сууна. “Ийм их үер болсон юм чинь аргагүй шүү дээ” хэмээн зураг хөргийг нь нийгмийн сүлжээнд байршуулж, биесээ өмөөрөн байна. Ингэж өмөөрөхтэй нь зэрэгцээд түүнээс илүү үер ус болдог, борооны улиралтай улсуудад яагаад галт тэрэг замаасаа гардаггүй юм бол гэх сониуч бодол толгойд бас эргэлдэнэ. Тэдгээр улсуудад галт тэрэг замаасаа гарсан байсан ч хэнээс болов гэж хариуцлага ярьдаг болохоос байгалиас болчихлоо гэж хариуцлагаас зугтаадаггүй билээ.
Өнгөрсөн вагон замаасаа гарсан ослоор 88 хүн хүнд, хөнгөн бэртсэн гэж албаны мэдээлэл байгаа боловч улсад хичнээн төгрөгийн хохирол учирсныг хэлээд өгөх албаны хүн битгий хэл бурхан ч өнөөдрийн байдлаар алга. Мөн хэн гэдэг эрхэм хариуцлага хүлээх нь ч тодорхой биш байна. Явж, явж хүн буруутаж, хариуцлага ярих дээрээ тулбал үйлтэйгээрээ өнөө муу машинист “улайран эргэлдэх усыг харсаар байгаад орсон” гэдгээр, замыг шалгах ёстой өртөөний ажилтан “цаг тухай бүрт нь шалгаагүй” гэдэг шалтгаанаар буруудаад өнгөрнө биз. Өөрөөр буруутах хүн байхгүй бололтой. Гэтэл харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур, жинхэнэ хариуцлага хүлээх ёстой эзэн нь, 80 жилийн ой тэмдэглэж найрлаад завгүй явсан төмөр замын дарга хариуцлагаас зугтаж “өвчтэй тул ажлаас чөлөөлж өгөөч” гээд өргөдлөө бариад явж буй сурагтай. Эрхээ эдэлж, ямбаа хүртчихээд үүргээ үүрч, хариуцлагаа хүлээх болохоор зугтаж буй нь энэ гэлтэй.
Ер нь ч сүүлийн үед манай улсад зам, тээврийн салбар гэж өөдөлж өгдөггүй, уруудаж ханадаггүй нэг салбар байна. Эвдрэлтэй замаас нь шалтгаалаад жилд хэдэн зуугаараа машин осолдож, хүн үхэж, хүн бэртэж, хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, хүн эд хөрөнгөөрөө хохирч байна. Шинээр тавьсан зам нь нэг үерийн усанд эвдэрчихдэг. Будсан будаг нь нэг борооны усанд урсчихдаг. Түүнийгээ харин байгалийн гамшиг хэмээн эзэн биегүй, хариуцах эзэнгүй зүйл рүү чихсээр өдийг хүрчээ.
Ер нь ч эл салбарын байгууллагын дарга нар нь авлига авч байгаад газар дээрээ баригддаг. Бодлого боловсруулах ёстой газрын дарга нар нь өрөөндөө архиддаг. Гарч ирээд нэгийгээ зодоод алчихдаг ийм л салбар болсон байна. Салбарын сайд нь “миний толгойлсон салбарын газрын дарга нар нэгнийгээ алсан харамсалтай хэрэг гарсан тул сайдаас чөлөөлөгдөж, ёс зүйн хариуцлага хүлээе” гэж өргөдлөө өгсөн ч үлдсэн олон асуудал хариуцлага нэхэх эзэнгүй болоод үлдлээ. Дэд сайд нь ялгаагүй “Хэдийгээр миний бие шууд хамааралгүй ч ёс зүйн хариуцлага хүлээе” гэх үгээр ажлаас чөлөөлөгдөв. Хэдийгээр ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв ч энэ их гамшиг ослын дараа хэн эд хөрөнгө, ажлын хариуцлага хүлээх вэ. Яг үнэндээ энэ галт тэрэгний осол бол байгалийн үерээс бус хариуцлагагүйн зуд нүүрлэснээс болсон осол юм шүү дээ.