Шүүгч, өмгөөлөгчийн нэр хүндийг уландаа гишгэж бусдын гэрт согтуурч, хөл хориотой цаг үед архидан танхайрсан, буу зэвсэг агсаж нэр бүхий улстөрчийн аминд хүрэхээр завдсан, нэр бүхий улстөрчдөд ял төлөвлөж схем зурсан, бусдаас энэ үйлдлийнхээ төлөө авлига авсан гээд маш олон хэрэгт нэр холбогдсон өмгөөлөгч Б.Баасанцогтыг дахин цагдан хорьжээ.
Тодруулбал, нэр бүхий таван иргэнтэй хамт буу зэвсэг агсаж улстөрчдийн аминд хүрэхээр санаархаж байсан үйлдэлд нь цагдан хорих ял оноогоод байсан ч өнгөрөгч тавдугаар сард батлан даалтад гаргаад байсан юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд шүүх хурал нь өнөөдөр болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.
Тодруулбал, гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Б.Мөнхбаяр ковид-19 өвчний учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа 1 дүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан аж.
Өмгөөлөгч Б.Баасанцогт нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарын ойрын хүн бөгөөд тэдэнтэй хамтран ял төлөвлөх, хэрэг үүсгэх, бусдад ял тулгах зэрэг асуудалд тусалж байсан хэмээн хэвлэл мэдээллээр баримтууд цөөнгүй гарсан билээ.