ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-19

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр авах боломжийг бүрдүүлжээ.

Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байгаа аж. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэлээ. 

ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгчээ.

Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай аж. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгааг дуулгав. Борлуулалт хийгдэж буй газруудын мэдээллийг доорх зурагнаас харна уу