Нэг сая ба түүнээс доош орлогоосоо НДШ төлсөн иргэдэд сарын бүрийн 25-нд 50%-ийг он дуустал буцаан олгож буй. Үүнд сайн дураараа НДШ төлөгч ч хамаардаг. Уг буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн.
Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ. Ингэхдээ https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно" гэв.
Монгол Улсад 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.