УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнийг энэ удаагийнхаа “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
Э.Бат-Үүл намаас гарлаа гэж өргөдөл өгөөгүй
-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. Намууд нэр дэвшигчээ ирэх сарын 04-нөөс өмнө зарлах ёстой. АН хэнийг энэ удаагийн сонгуульд сойх вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Нөхөн сонгуулийн нэр дэвшилтийн хуулийн хугацаа болоогүй. Мөн хууль эрх зүйн маргаан гаргасан учир Үндсэн хуулийн цэцэд асуудал нь очсон. Манай намын зүгээс нэр дэвшигчээ одоохондоо шийдээгүй байгаа. Энэ талаар ярилцаагүй байна.
-Нөхөн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь. Улс төрийн намуудаас гадна бие даагчид нэр дэвших сурагтай байсан?
-Нөхөн сонгуульд өрсөлдөөн их байна уу, цөөн байна уу гэдэг нь манай намд хамаагүй. Нөхөн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ач холбогдол нь их байна уу, бага байна уу, өрсөлдөгч олон байна уу, цөөн байна уу гэдэг нь асуудал биш. Үндэсний хэмжээний том намын хувьд сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн.
-Хотын дарга асан Э.Бат-Үүл нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан байсан. Ардчилсан намыг нэр дэвшигчээ тодруулсан юм байх гэж ойлгосон?
-Тэрийг би мэдэхгүй. Э.Бат-Үүл ямар шугамаар нэр дэвшинэ гэдгээ зарласныг мэдэхгүй юм. Манай намаас Э.Бат-Үүл ч юм уу, өөр хэн нэгнийг дэвшүүлэх асуудал одоогоор яриагүй.
-Э.Бат-Үүл АН-даа байгаа юу, эсвэл гарсан юм уу?
-Э.Бат-Үүл намаас гарлаа гэж өргөдөл өгөөгүй. Тэгэхээр АН-даа байгаа байлгүй дээ.
-Нөхөн сонгуулийг шударга явуулахад хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Сонгууль бүрийн дараа царцааны нүүдэл яригддаг шүү дээ?
-Хуулиараа шилжилт хөдөлгөөнийг зогсоох ёстой. Нэг тойрогт бид асар өндөр хяналт тавих боломжтой юм. Мэдээж нийслэлийн Баянзүрх дүүргээс 100 хүн очоод тэнд санал өгөөд байвал онигоо болно шүү дээ. Гэхдээ энэ бүхэн ил тод харагдана. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд эрхээ эдлээд саналаа өгөх ёстой юм. Олны хэлдгээр царцаа нүүлгэж самрахгүй байлгүй. Хэрвээ ийм байдал үүсвэл гэм буруутай этгээд нь хариуцлага хүлээх байх.
Өөрсдийнхөө томилсон албан тушаалтанд хариуцлага тооцож чадахгүй бол тарах хэрэгтэй
-Ээлжит бус чуулган хуралдах уу, үгүй юу гэдэгт хүлээлт үүсээд байна. Яаралтай шийдэх хэд хэдэн асуудал байна шүү дээ. Тухайлбал, Үндсэн хууль, улс төрийн намуудын тухай хууль, Зам тээвэр хөгжлийн сайдын асуудал гэх мэтээр хэлэлцэх асуудал цөөнгүй байна?
-Ээлжит бус чуулган хуралдах шаардлага байна уу гэвэл байна. Дан ганц дээр дурдсан үндэслэлүүдээс гадна өчнөөн зүйл байна. Өнөөдөр нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Намрын бэлтгэл ажлууд салан задгай байна шүү дээ. Гол үүрэг хүлээж буй яам эзэнгүй болчихлоо гэх мэтээр хэлээд байвал олон зүйл бий. Эрх баригч намын хувьд эдийн засаг өсч байна, ард түмний амьдрал сайжирч байна гэж хэлдэг. Харин бид үүнд эсрэг байр суурьтай байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр тутамд өсч байна. Шатахууны үнэ хэд дахин нэмэгдлээ. Цалин тэтгэвэр, иргэдийн бодит орлого нэмэгдсэнгүй. Төсвийн орлого нэмэгдэж, бусад эх үүсвэрээс орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдээд байгаа атлаа улс орон даяар бүтээн байгуулалтын ажил огт явахгүй байна. Нэг айлын орон сууц, нэг км зам ч тавьсангүй. Дандаа л өмнөх жилүүдэд дутуу хийсэн ажлуудыг хагас, хугас хийснээ их зүйл бүтээсэн мэтээр олон нийтэд ойлгуулж байна.
-Ээлжит бус чуулган зарлахгүй байгаагийн цаад шалтгаан юу юм бэ?
-Зарлахгүй байх шалтгааныг би харахгүй байгаа юм. Магадгүй УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй зэрэг янз бүрийн шалтгаан хэлж болно. Миний ойлголтоор МАН-ын дотоод зөрчил олон нийтэд ил болохоос болгоомжлоод, аль болох намрын чуулганыг хугацаанд нь эхлүүлэхээр төлөвлөж байгаа байх. Тэр болтол дотоод зөрчлөө далдлах нуух, болж өгвөл жоохон зохицуулалт хийхээр оролдож байгаа болов уу гэж харж байна. Ээлжит бус чуулган хуралдах шаардлага бий. Ээлжит бус чуулганаар шийдэх олон асуудал байгаа. Манай намын хувьд ээлжит бус чуулган хуралдуулахад бэлэн. Бид дэмжсэн байр суурьтай байгаа.
-Олон нийтэд хүргэх мэдээлэл нь арай өөр байгаа шүү дээ?
-Тийм ээ. Өр барагдуулсан гэж их шоу хийж байна. Үнэндээ бол өр барагдуулаагүй. Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд байна. Нэг ам.долларын ч өр хасагдаагүй. Олон түмэнд ойлгуулахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар гэдэг Сангийн сайд хоёр мундаг ажиллаж байгаа мэтээр ярьж байгаа юм. Гэтэл яг үнэндээ Монгол Улсын гадаад өр тэр дундаа Засгийн газрын өөрийнх нь өр өссөн үү, гэхээс буураагүй. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд гадаад өр гурван тэрбум гаруй төгрөгөөр өссөн. Бид намраас эхлээд шаардлагуудаа тавина.
-Шаардлага тавьсан ч үр дүн муутай байна шүү дээ?
-Бид ямар үндэслэлээр өр өсөөд байгаа юм бэ. Ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн болоод гадаад өр өсөв. Их мөнгөний урсгал хаашаа орж, юунд зарцуулагдаад байна вэ гэдгийг асууна. Хэрэггүй агентлаг, газруудын орон тоог нэмээд байдаг. Үнэндээ бол бодит амьдралд иргэдэд очиж байгаа үр өгөөж алга. Цаашид ийм байдлаар яваад байх юм уу. Сайд нарын багцын дүн өсч, тансаглал хэрээс хэтэрч байгаа. Тансаг зэрэглэлийн машиныг талх шиг худалдан авдаг болсон. Тансаг зэрэглэлийн машиныг голлон худалдан авч байгаа хүмүүс төрийн албаныхан байгаа юм. Яасан ч их мөнгөтэй юм, ямар ч тансаг юм. Хувийнхаа мөнгөөр авч байгаа бол юм хэлэх эрх байхгүй. Төрийн мөнгөөр ингэж тансаглаж байгаад үнэхээр харамсч байна. Ямар ч хяналт алга. Өрийг өрөөр дардаг. Ийм байдлаар олон нийтийн тархи толгойг угааж байгаа. Бүрэн эрх дуусахад жил гаруйхан хугацаа үлдлээ. Нөгөө л албан тушаал, сандал ширээгээ булаацалдсан хэвээр. Энэ бүхнийг хараад миний анхны өгсөн үнэлэлт дүгнэлт өдөр ирэх бүр улам баталгаажиж байна. Анх үнэмлэхүй олон суудлыг сонгогч нарт МАН-д өгсөнийг гайхаж байсан. Нөгөө луйвар нь явчихсан уу гэж хардаж байсан. Тэр үед ийм том зовлогыг даах араг яс МАН-д байгаа болов уу гэж намынхандаа хэлж байлаа. Гэтэл өнөөдөр олны итгэлийг тэд дааж чадсангүй. Дотроо хэд хэд хуваагдсан. Бүх аймагт нам нь хуваагдсан. Тэд үнэхээр засаглаж чадахгүйгээ харууллаа.
-Таны зүгээс Засгийн газарт ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ. Тэр дундаа хариуцлагын асуудалд?
-2016 онд МАН ямар том мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуульд оролцлоо. Маш том амлалт өгч ард иргэдийн итгэлийг авсан. Харамсалтай нь тэр амлалтаасаа нэгийг нь ч биелүүлсэнгүй. Амлалтынхаа эсрэг явлаа. Ардчилсан намын эхлүүлсэн, хийсэн сайн ажил бүхнийг зогсоосон. Муу гээд бүгдийг нь зогсоосон шүү дээ. Гэтэл түүрийг нь сайжруулаад явсан нь хаа байна. Түүнээс илүү сайн ажил эхлүүлсэн нь хаа байна вэ. Хэт их улстөржилт ямар аюултай байдаг вэ гэдгийн бодит жишээг харуулж байна. Овоодоо энийг хийсэндээ гээд хэлчих зүйл үнэхээр алга. У.Хүрэлсүхийн Засгийн газар анх ямар гоё лоозон дэвшүүлж гарч ирлээ. Хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг бий болгоно гэсэн. Юун хариуцлагатай ёс зүйтэй төрийн алба бэ. Төрийн албан хаагчид нь ажил дээрээ архидаж, нэгнийхээ аминд хүрлээ. Авлигаа цэгцэлнэ гэсэн. Юун авлига цэгцлэх вэ. Ганцхан жишээ дурдахад тендерүүд замбараагаа алдаж, татвар авч байгаа юм шиг арван хувийг авч байна гэсэн яриа хаа сайгүй. Ингээд хэлэхээр намайг гүтгэсэн гэх байх.
-Эрх баригч намын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл яах вэ?
-Улс орны өмнө амлалт өгчихөөд, үүрэг хариуцлага хүлээчихээд, түүнийгээ биелүүлж чадахгүй бол энэ УИХ оршин тогтнох шаардлагагүй. Өөрсдийнхөө томилсон албан тушаалтанд хариуцлага тооцож чадахгүй бол тарах хэрэгтэй.
-МАН-ынханд бялуу хуваах хэд, хэдэн албан тушаал гараад ирсэн. Зам тээвэр хөгжлийн сайдаас эхлээд “УБТЗ”-ын даргыг шинээр томилох шаардлага байгаа?
-Албан тушаалын томилгоо бол гурав, дөрөвдүгээр асуудал. Улс орны хувь заяа, эрх ашиг, ард түмний амьжиргаа уг нь нэг номерын асуудал шүү дээ. Чухал асуудлаа сүүлд нь тавьчихаад эрх мэдэл, албан тушаалаа нэн тэргүүнд тавьж хэрэлдээд суугаа нь туйлын харамсалтай. Өнөөдөр хариуцлага алдсан албан тушаалтныг дэвшүүлж байна. Миний хувьд “УБТЗ”-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл энд ажиллаж байсан нөхдүүдээс дэд сайдыг томилж байх жишээтэй. Энэ бол туйлын хариуцлагагүйн жишээ юм. МАН хариуцлага тооцож чаддаггүй гэдгээ харуулж байна.