“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам. Тус замын нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцох юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцож буй.
Түүнчлэн тус зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болохоороо онцлогтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард тус төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгснөөр төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт боллоо.
Энэхүү төмөр зам нь Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог. 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын системтэй зам юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.