Хөгжлийн банк 2013 онд 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иен буюу өнөөдрийн ханшаар 751.5 тэрбум төгрөгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай аж. Үүнийг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бүрэн төлөх боломжтой болж хугацаанаас нь нэг жилийн өмнө Монголбанканд байршуулаад байгаа талаар Сангийн сайд мэдэгдлээ.
Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сараас хойш 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гэрэгэ, Номад болон Сенчури өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан. Үүний нэг нь “Finance Asia”-ийн “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” болсон явдал юм.
Ийнхүү Монгол улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлснөөр Монгол Улсын олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүнд өсгөж хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх эерэг нөлөөтэй аж.