ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай танилцав

O.Admin
2022-12-08

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монголын ногоон санхүүгийн корпораци, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооноос зохион байгуулсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүдтэй танилцлаа.

Дэд сайд Э.Золбоо Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 16-р хороо, Гандангийн Туулын 18, Хан-Уул дүүргийн Жаргалант дахь “Hybrid Villa” хотхоны ногоон орон сууцуудыг үзэж танилцсан юм. Эдгээр амины орон сууц нь дулаан хуримтлуулалт, битүүмж, агаар сэлгэлт, нарны цахилгаан үүсгүүр, бохирын систем, дулаалга зэргийн хувьд байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ эрчим хүчний өндөр хэмнэлттэй.

Тухайлбал Гандангийн хойд талд байршилтай иргэн М.Төмөрбаатарын хоёр давхар, 70мкв талбайтай амины орон сууц нь нарны эрчим хүчний хураагуураар халаалтаа шийдсэн бөгөөд эрчим хүчний хэмнэлт нь 57 хувь, усны хэмнэлт нь 27 хувьтай байна. Энэ мэт ногоон, пассив сууцуудыг ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) -тэй хамтран Сакура проперти ХХК, Хабрид Хаус ХХК Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр жишиг болгон гэр хорооллуудад хэрэгжүүлж байна.

Мөн энэ үеэр ногоон орон сууцны жишиг төслийг хэрэгжүүлэгч нар “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны үр дүн, цаашдын хамтын ажиллагаа, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хэрэгцээ, шаардлага”, “Монгол дахь бусад дэвшилтэт эрчим хүчний хэмнэлттэй болон ногоон барилгууд, түүний ач холбогдол, ирээдүй” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв.

Ийнхүү дээрх сэдвийн хүрээнд талууд санал солилцож, цаашид Ногоон барилгыг Монгол улсад хөгжүүлэхэд хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Германы техникийн хамтын ажиллагааны байгууллага болох GIZ-ийн төлөөлөгч Dunja Hoffman, Франц улсын Жерес олон улсын байгууллагын уур амьсгал, орон нутгийн хөтөлбөрийн удирдагч ЕEliane Jarry, БОАЖЯ-ны ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, ТоС холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал М.Болдоо Монгол банк, Хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкны төлөөллүүд оролцсон юм.