ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Паркийн тоглоом эвдэрч, галт тэрэг осолдож, хүүхэд тогонд цохиулсан ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-08-23

Манай улсад хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаа. Эрх бүхий албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандсаны улмаас иргэд, тэр дундаа хүүхдийн амь нас эрсэдсэн, улсад их хэмжээний хөрөнгө үрэгдсэн асуудал өнгөрсөн зун багагүй олон гарлаа. Харин энэ бүхний хариуцлагыг хэн, хэрхэн үүрсэн болохыг тоймлон хүргэж байна.

 

Хүүхэд нас барсанд бус хариуцлагагүй мэдэгд­лээсээ болж халагдав

Өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хаалганы хөндлөвч төмөрт дарагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хамгийн аюулгүй багатай орчинд цаг бусаар эндсэн бяцхан хүүгийн үхэлд боловсролын салбарыг төлөөлж хэн ч хариуцлага хүлээгээгүй юм. Харин тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ сургуулийнхаа аюулгүй байдлыг хангаагүй гэдгээр бус хүүхдийг нийгмийн гарлынх нь хувьд ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 тоот албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу Аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга нар “...ЕБС-уудын орчны ногоон байгууламж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах...” үүрэг хүлээсэн учраас ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой байв. Гэвч Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга уг асуудлаас цэвэрхэн мултарч чадсан юм.  

 

Вагоны осолд дэр мод, бороо хоёр хариуцлага хүлээхээр болов

“Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр замаасаа гарч унасан ноцтой хэрэг гарсан. Уг “УБТЗ ХНН”-ын шинжээчид ослын газарт ажиллаад дэр мод муудаж ялзарсны улмаас осол болсон гэх урьдчилсан дүгнэлийг гаргаж байв. Харин энэ ноцтой хэргээс гурван сар хүрэхгүй хугацааны дараа түр зуур орсон аадар борооны улмаас Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын есдүгээр зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч унасан юм. Ослын улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарч 78 хүн гэмтсэн юм. Ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас вагон унасан гэх тайлбарыг хийсэн бөгөөд “УБТЗ ХНН”-ийн дарга Д.Жигжиднямаа “Би үйлдлээрээ ч эс үйлдлээрээ ч энэ осолд буруугүй. Намайг буруутай эсэхийг холбогдох байгууллага тогтоох ёстой. Би яагаад хариуцлага хүлээх ёстой юм” хэмээн хэдэрлэж хариуцлагаас мултарсан юм. Галт тэрэгний зүтгүүр шатсан, галт тэрэг хоёр ч удаа замаасаа гарч осолдсон тохиолдол 80 жилийн түүхтэй энэ байгууллагад ийм ойрхон давтамжтай гарч байгаагүй билээ. 

 

Осол гаргасан паркад торгууль оногдуулав

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансарын хөлөг” тоглоом зургадугаар сарын 13-ны өдөр осолдож, уг тоглоомоор тоглож байсан дөрвөн хүүхэд гэмтсэн ноцтой хэрэг гарсан билээ. БНХАУ-ын улсын үйлдвэрээс 2011 онд худалдан авсан гэх уг тоглоомны гар эргэлдэх явцдаа хугарч унаснаас үүдэн дотор нь байсан 12-14 насны охид хүндэвтэр гэмтэл авсан байхад тус паркийн ажилтнууд бэртсэн хүүхдүүдэд туслахын оронд эвдэрсэн тоглоомоо гагнахаар оролдсон хэмээн олон нийтэд хүчтэй шүүмжлүүлсэн юм. ҮСАХ-гийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт  "Жил бүр хүүхдийн паркийг нээхээс өмнө засвар хийж үйл ажиллагаагаа эхлэдэг. Мөн өдөр бүр  үйл ажиллагаагаа явуулахаасаа өмнө ч бас шалгадаг. Тоглож байсан хүүхдүүд ямар хэмжээний бэртэл авсан гэдгийг мэдэхгүй ч бид хариуцлага хүлээх болно” хэмээн тэр даруй мэдэгдэж байв. Уг хэргийг шалгасан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Саруултуяа “Тухайн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчих гэдэг зүйл заалтын гурав дахь заалтыг зөрчсөн бөгөөд дээрх зөрчил гаргагч хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно” хэмээн мэдэгдэж байв. Уг ослын улмаас хэн нэгэн хүн хариуцлага хүлээгээгүй, харин парк хэмээх байгууллага л торгуульсан болоод өнгөрсөн юм. 

 

Тогонд цохиулж нас барсан хүүхдүүд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд байрлах  “Дэлгэр төв”-ийн хажууд тоглож явсан есөн настай хүү зургадугаар сарын 25-ны өдөр “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Оршин суугчдын мэдээлснээр тус эмийн сан нь үйл ажиллагаагаа эхлээд 10 гаруй хонож байсан бөгөөд гаднах хаягны цахилгааны утас ил гарч гаднах төмөр хаалганд цахилгаан цэнэг үүсгэсэн байжээ. Талийгаач хүү найзуудтайгаа “матар барина” гэдэг тоглоом тоглож байх үед хаалганы бариулаас хоёр гараараа бариад шууд арагшаа унасан байна. Энэ явдлаас хойш ердөө есхөн хоногийн дараа Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газраас хойш 250 м-ийн зайд дугуй унаж явсан долоон настай охин газарт унасан шонгийн утсанд хүрч амь насаа алдсан юм. Хүүхдийн амь нас цаг бусаар хохирсон уг хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй юм.