ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Баянсэлэнгэ: Хийсэн хэрэг гэж байдаг бол ялаа үүрээд явахсан

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-23

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ уржигдархан анхан шатны шүүхээс 19 сая төгрөгийн торгууль, төрийн албанд гурван жил ажиллах эрхгүй болсон билээ. Эл хэргийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-Өчигдөр /уржигдар/ тантай холбоотой анхан шатны шүүх хурал болоод өнгөрлөө. Яг ямар хэрэг болоод, яаж шийдвэрлэгдсэн талаар тодруулж болох уу?

-Бололгүй яах вэ. Хэрэг үнэн зөвөөрөө шийдэгдэх байх гэж найдаад, хэргийн мөрдөн байцаалтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй гэсэн дээ хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөлгүй өдий хүрсэн. Эл хэргийг эхнээс нь яривал ойлгомжтой байх болов уу. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Төвийн гэр хорооллуудын айлуудыг нүүлгэн шилжүүлэх, тэнд нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлэн, дахин төлөвлөж орон сууц барих асуудал идэвхтэй хэрэгжсэн. Үүнтэй холбогдуулан иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр ч бас давхар хэрэгжсэн. Уг хөтөлбөрөөр иргэдээ ипотекийн зээлд хамруулах, дундаж буюу дунджаас дээш орлоготой иргэдээ урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох боломжоор хангасан. Гэтэл 30 хувиа төлж чадахгүй иргэдийн асуудал давхар яригдаж эхэлсэн байгаа юм. Үүнийг шийдвэрлэх арга зам нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн орон сууцны корпарацийг байгуулсан. Энэ корпорацаар дамжуулан Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт төрийн орон сууцыг барьж эхэлсэн.  Журмыг нь барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газраас баталсан. Энэ ажил үргэлжлээд явж байхад, миний бие 2015 онд барилга хот байгуулалтын сайдаар томилогдож ажилласан. Сайдаар очоод Барилга хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төслүүдтэй газар дээр нь очиж танилцаж байлаа. Тус ажлын үэер СБД-ийн VII хороонд байрлах Хангай хотхоны төсөлтэй танилцсан. Тэнд 720 айлын мкв багатай орон сууц баригдаж байсан юм. Хотын А зэрэглэлийн бүсэд бага мкв орон сууц төрийн бодлогоор баригдаж байсан юм. Ингээд тэр орон сууц дэд бүтцийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд чиглэлээс нь асуугаад энэ төсөл хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэж ярилцаж байгаад “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд манайд  ганцхан үнийн санал ирсэн. Нийт 720 айлын орон сууцны үнийн саналыг “Бэрэн” компаниас манай яаманд үнийн санал ирүүлсэн хэрэг. Энэ үнийн саналаа Ерөнхий сайдад танилцуулсан. Мөн тухай бүрт нь сангийн сайдтай, Төрийн орон сууцны корпорацын холбогдох хүмүүстэй уулзалдаж ярилцаж явсан. Нэг удаа бичиг шидэлцэх биш. Маш олон удаа уулзалдаж явсан гэсэн үг. Ингээд “Бэрэн” компаниас ирсэн саналыг сангийн яаманд бид уламжилсан. Учир нь Сангийн яамны дэмжлэггүйгээр нэг ч төсөл хөтөлбөр хэрэгжихгүй. Сангийн яам 223 айлын асуудлыг 15 тэрбум төгрөгийг  шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд саналаа оруулсан. Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн шийдвэр гарч, тогтоол гарсан юм. Энэ саналыг ганц З.Баянсэлэнгэ гэдэг хүн боловсруулдаг юм биш. Мэргэжлийн хүмүүс шат шатандаа боловсруулж,  би Засгийн газрын хуралдаанд санал оруулах үүрэгтэй.  Тогтоол гарлаа хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үг.

-Тэгэхээр та 15 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон гэсэн үг үү?

-Тэр 15 тэрбум төгрөгийг Барилга хот байгуулалтын яам руу дансаар шилжүүлээд, манай яам худалдан авалтыг хийдэггүй. Энэ мөнгийг Сангийн яам Засгийн газрын тогтоолд заасны дагуу векселиэр 2016 оны улсын төсөвт санхүүжүүлэхээр тогтоол гарсан. Ингээд 2016 оны зургадугаар сард Сангийн яам вексель бичээд дараагийн УИХ байгуулагдаад, шинэ Засгийн газар 2016 оны улсын төсвийн тодотголд суугаад мөнгө нь шилжсэн асуудал. Тэгэхээр энэ мөнгө Барилга хот байгуулалтын яаманд шилжээд, би түүгээр нь “Бэрэн” компанид шилжүүлээд худалдан авалт хийсэн асуудал биш. Б.Чойжилсүрэн сайдын үед мөнгө нь шилжсэн асуудал. Би зөвхөн тогтоолын дагуу тухайн үед үүргээ л биелүүлсэн. Одоогоос хоёр жилийн өмнөөс намайг АТГ-аас Засгийн газрын тогтоолтой холбогдуулан гэрчээр дуудаад шалгаж эхэлсэн. Эхлээд шалгахдаа 2012-2016 оны миний бүх данс тооцоог нэг бүрчлэн шалгасан. Миний, гэр бүлийн, үр хүүхдийн, ах дүү амраг садангийн, надтай холбоотой байж болох хүн болгоныг шалгасан. Өөрөөр хэлбэл, би ямар нэгэн байдлаар мөнгө аваад энэ компанид давуу эрх олгож, байшин худалдаад авчихсан гэдэг өрөөсгөл ойлголтоор шалгаж эхэлсэн.

-Хэний гомдлоор?

-Гомдол гаргасан хүн байхгүй. Ингээд гэрчээр байцааж, цаашдаа  сэжигтэн болгож эхэлсэн. Яллагдагчаар татсан. Би болсон үйл явцыг бүгдийг нь дэс дарааллаар тайлбарласан. Тэд нэгэнт л галт тэрэг явсан гэдгээр хандсан. Хэзээ ч үнэн зөвийг нь олъё гэдэг үүднээс хандаагүй. Энэ мөнгө авчихсан байх гэж бодсон зүйлээ нотлох гэж л ажилласан. Тэдний хүссэнээр эргээгүй. Өөрөөр хэлбэл,  нэг ч  хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал гараагүй. З.Баянсэлэнгэ гэдэг  хүн “Бэрэн” гэдэг компаниас ч юм уу, өөр газраас ч юм уу мөнгө авсан нь тогтоогдохгүй болохоор эцэстээ юу гэж намайг ялласан гэхээр Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй зүйлийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулаад сайдуудаар хүч түрэн батлуулж тогтоол гаргуулсан гэдэг ийм зүйлчлэлээр намайг яллагдагчаар татсан. Надтай холбоотой 14 хавтаст хэрэг цуглуулсан. Энэ 14 хавтаст хэрэгт З.Баянсэлэнгэ гэдэг хүнтэй холбоотой хөрөнгө мөнгөтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Өнгөрсөн шүүх хуралд  16-17 гэрч буюу Засгийн газрын хуралдаанд оролцдог хүмүүс шүүхэд гэрчээр оролцсон. Өөрөөр хэлбэл,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан Б.Болор, Сангийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга асан н.Нямаа гэх мэт олон хүн гэрчээр оролцож хэлсэн. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд хэлэлцэх асуудлын дарааллыг зөвхөн Ерөнхий сайд тогтооно гэж заасан. Хэлэлцэх асуудлын дарааллыг хэн нэгэн салбар хариуцсан сайд тогтоохгүй. Хуралдаан эхлээд хэлэлцэх асуудлын дарааллыг Ерөнхий сайд танилцуулна. Тэгээд өөр хэлэлцэх асуудалтай  сайд байвал гараа өргөнө үү, саналаа хэлнэ үү гэдэг. Харин сайд нар өөрсдийнхөө салбарын асуудлуудыг оруулах гэж бүгд л асуудлаа дэвшүүлдэг. Өөрөөр хэлбэл, сайд өөрийнхөө салбарын асуудлыг засгийн газар, УИХ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэдэг бол тэдгээрийн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг шүү дээ. Ингээд дараалалд орсон. Энэ нь дээр сайд нар болон хуульчид саналаа хэлдэг. Хүн бүр саналаа хэлнэ. Дэмжинэ, дэмжихгүй гэдгээ хэлнэ. Ингээд олонхынхоо зарчмаар асуудал дэмжигдэж явдаг. Гарсан тогтоолд Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайд хоёр гарын үсэг зурдаг. Үүнийг гэрчүүд мэдүүлсээр байхад харамсалтай нь шүүх энэ асуудлыг ойлгохыг хүссэнгүй. Мэдэж байсан ч, ойлгож байсан ч  шүүх намайг гэм буруутай гэж үзэж надад торгуулийн ял оноосон. Энэ асуудалд надтай хамтран ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэж байсан М.Болортуяа гэдэг эмэгтэйг надад хамаатуулж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, З.Баянсэлэнгийг яллах ямар нэгэн юм эхлээд хайсан. Мөнгө хайсан. Байсангүй. Албан тушаалын байдал гэдэг зүйл нь тогтоогдоогүй. Ямар нэгэн байдлаар буруутгах арга саам хайсан даа. Тэнд төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан Төрийн нарийн бичгийн даргыг хамтруулж оруулж ирсэн. Түүгээрээ миний зүйлчлэлийг хүндрүүлж оруулж ирсэн. Шүүх хуралдаанд  надад ял оноогоод зогсоогүй, хамтран ажиллаж байсан М.Болортуяа гэдэг эмэгтэйд  нэг жил хорих гурван жил төрийн албанд орох эрхгүй хорих ялыг оноосон.

-Хамтран ажилласан гэсэн үндэслэлээр үү?

-Тийм ээ.  М.Болортуяа улстөрч хүн биш. Төрийн жинхэнэ албан хаагч хүн. Хоёр жил надад чирэгдэж явж байх хугацаандаа биеийнх нь эрүүл мэнд муудсан. Сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Түүний өмгөөлөгч нь З.Баянсэлэнгэ гэдэг хүнийг хорих учраас хамт хоригдож болохгүй юм аа. Тийм учраас гэм буруутайг чинь хүлээн зөвшөөрөөд хорих ялаас  мултрах хэрэгтэй гэдэг ийм чиглэл өгөөд гэм бурууг нь өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрчихсөн.

-Та болон таны өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үү?

-Үгүй ээ. М.Болортуяагийн өмгөөлөгч. Миний өмгөөлөгч болон миний хувьд шүүх хуралдаанд эцсийн үгээ хэлэхдээ ч, ял шийтгэл оноох үед ч өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэхдээ энэ бол улс төрийн зорилготой захиалгатай, цаанаасаа даалгавартай ийм хэрэг. Надад буруу зүйл хийсэн юм байхгүй. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн тогтоолыг хэн нэгэн сайдад үүрүүлдэг жишиг өнөөдрөөс тогтох гэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хэрэв би бурууддаг бол тэнд хамт дэмжсэн, алх зохисон тэр субъектүүд нь хэргээс мултарч болохгүй. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн нэг сайд үүрээд явж байдаг ийм байж болохгүй гэдэг үүднээс хүлээн зөвшөөрөөгүй ээ.

-Таныг гэм буруугаа хүлээн зөвшөөрлөө гэж хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр гараад байгаа шүү дээ?

-Харин тийм. Шүүх хурлаас гарч ирсний дараа хүмүүс над руу утастаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм уу. Юу болчихов оо гээд байхаар нь би тэр үед юу болоод хэвлэлээр шуугиад байгааг ойлгоогүй. Би өөрөө үнэхээр гайхсан. Нэр төрөө мэдээж сэргээлгэнэ. Миний шүүх хуралдаанд  хэлж буй эцсийн үг бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Харин улс төрийн ийм даалгавартай хэргийг цаашдаа олон хүний хувь заяаг шийдэх хуульч, хяналтын прокурор нар захиалгатай даалгаврыг гүйцэтгэж байгаад харамсал илэрхийлсэн. Түүнээс гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй хүлээн зөвшөөрөх ч боломжгүй. Надад хийсэн хэрэг байхгүй. 

-Нийгмийн сүлжээнд 976 сая төгрөг идчихээд 19 сая төгрөгөөр торгуулиад өнгөрлөө гэж бухимдаж байна. Энэ улсад учруулсан хохирол гэх 976 сая төгрөг ямар учиртай мөнгө юм бэ?

-Би нэг зүйл дутуу хэлсэн байна. Албан тушаалын зүйлчлэлээр зүйлчлэхэд хэн нэгэнд ямар нэгэн хохирол учирсан байх ёстой байдаг. Гэтэл энэ хэрэгт хохирогч байхгүй. Гомдол ч байхгүй. Хохирол ч байхгүй. АТГ, Сангийн яам мөнгийг нь шилжүүлсэн Засгийн газрын худалдан авсан 223 айлын орон сууцыг машин үнэлдэг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байгаа юм. Тэр компани нь үнэлэхдээ ямар нэгэн байдлаар 970-аад сая төгрөгийн байрыг дутуу үнэлсэн. Ингэж дутуу үнэлэхдээ З.Баянсэлэнгийн улсад учруулсан хохирол гэж үзээд тавьчихаж байгаа юм. Энэ үнэлгээний байгууллага бол “Хөрөнгө эстимэйт” гэдэг байгууллага. Энэ компани үнэлгээний эрхтэй боловч үнэлсэн, тогтоолд гарын үсэг зурсан үнэлгээчид нь мэргэжлийнх байгаагүй. 
Шүүх хуралдаанд ирсэн, гарын үсэг зурсан н.Бат-Энх гэдэг үнэлгээчин гэхэд. Шүүх хуралдааны явцад үнэлгээчин биш гэдгээ хуралдааны явцад хэлсэн. Тэр хүн яаж тэр 900-гаад сая төгрөгийн хохирлыг яаж гаргаж ирснийг мэдэхгүй, хэлээгүй. Нотлох баримт байхгүй. Өөрсдийнх нь өгсөн 900 гаруй сая төгрөг дутуу гэж гаргасан тайланд 223 айлыг зурагжуулсан зүйл нэг ч байхгүй. Яг ийм ийм учраас ингэж үнэллээ гэсэн тайлбарласан тайлбар байхгүй. Хамгийн сонирхолтой нь үнэлэх явцдаа нэг адил зургаан айлын байрыг өөр, өөр үнэтэй үнэлсэн байсан. Яг адилхан тоосго, обой, шавар орсон байхад шүү дээ. Гэтэл тэрийг  өөр өөр үнэлсэн байсан. 223 байрыг үнэлэхдээ дөрвөн айлыг дутуу үнэлсэн зэрэг асуудлууд гарсан байсан. Тэгээд дөрвөн айлын байрны үнэ хаана ч байхгүй. Тэгээд зохиомлоор хохирол учруулсан гэж үзээд шүүхийн ширээний ард аваачих ийм үндэслэл болгож ял оноосон. 970 гаруй сая төгрөгийн хохирлыг  З.Баянсэлэнгэ учруулаагүй гэдгийг ойлгох байх. Одоо тэнд 223 айл өнөөдөр түрээсийн орон сууцанд амьдарч байна. Тэр байр байдгаараа байна шүү дээ. Сар болгон нэг айл төрд түрээсийн төлбөрт дунджаар 250 мянган төгрөг төлж байна. Жилийн хугацаанд өчнөөн төгрөг улсад өгч байна. Төр ямар ч алдагдал байхгүй. Хэн ч хохироогүй. 
Ч.Сайханбилгийн Засгийн газар зөвхөн гарцыг нь гаргасан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу сангийн сайд Б.Чойжилсүрэн гарын үсэг зурж мөнгө шилжүүлсэн. Гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бол Б.Чойжилсүрэнгээр гэмт хэрэг дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл АТГ Сангийн яамыг хохирогч болгоод тогтоочихсон. Тэгээд Сангийн яам нь юу нэхээд байгаагаа  мэдэхгүй. Өөрсдөө гарын үсэг зурж мөнгөө шилжүүлсэн. Өөрөө өөрөөсөө нэхээд байгаа юм уу. Хохирогч гэж үзэх юм бол төрийн мөнгө. Засгийн газар өөрөө хохирогч гэж үзэх юм бол   өөрсдөө хохирогчоо тогтооно. 

-Та шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм байна. Шүүхийн шийд­вэрийг давж заалдах уу?

-15 хоногийн дотор шүүхийн тогтоол миний гарт  ирэх ёстой. Тогтоолоо гартаа авчхаад  давж заалдана. Хэрвээ буруудвал Засгийн газар танхимаараа буруудах ёстой.  Надад хийсэн хэрэг гэж байдаг бол ялаа үүрээд явахсан. Эцсийн дүндээ би МАХН-ын хүн гэдгээрээ яллуулж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш байсан бол яах байсан бэ. Бусдын адил тэрбум тэрбумаар нь мөнгө төгрөг идэж уусан. Гадаадад өч төчнөөн байшин, хаус аваад ял шийтгэл авахгүй. Зугаалга цэнгээн хийгээд явж байна. Зарим нь зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрч байхад. Би өнөөдөр МАХН гишүүн гэдгээрээ хариуцлага хүлээгээд, буруутаад явж байна. Энэ бүхэн удахгүй болох Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой. Н.Энхбаяр болон түүний тойрон хүрээлэгчид, эдний намынхан мөнгө идэж уудаг, шорон оронд ордог гэж яриа гаргахын тулд зохиомлоор хийж байгаа зүйл. 
Мөн миний хувьд 2020 онд нэр дэвших нь тодорхой. Миний дэвшиж өрсөлдсөн Сонгинохайрхан дүүрэгт шүүх хурал хийж байгаа юм. Хэрэв Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн гэх юм бол харьяаллаар Сүхбаатар дүүрэгт, Барилга хот байгуулалтын сайд гэдгээр нь ял үүрүүлэх гэж байгаа бол Чингэлтэй дүүрэгт шүүх хурал болох ёстой. Яагаад заавал Сонгинохайрхан дүүрэгт шүүж байгаа юм. Энэ бүхэн учир холбогдолтой. Энэ бол дээрээс шидсэн чулуу. 
Шидэх шидэхдээ 2016 оны сонгуулийн өмнө би мэдэгдэл хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх ёстой. 24 настай хүүхдээр дамжуулж санхүүгийн луйврын схем хийсэн гээд. Эрдэнэтийг сахал Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нарын хувийн компанид шилжүүллээ гэж мэдэгдэл хийснийхээ төлөө өнөөдөр түүнийхээ хариуг, горыг амсаад явж байгаа хүн. Энэ ганцхан З.Баянсэлэнгэ гэдэг хүн рүү дайраад байгаа юм биш. Цаанаа МАХН-ыг улс төрийн тавцангаас арчих гэсэн сонирхолтой олигархи бүлэглэл оршин тогтнож байгаа.

-Та шүүхэд итгэл алдарч буй талаараа ярилаа. Дараагийн шатны шүүхэд хэр найдаж байна?

-Би өнөөдрийг хүртэл хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа гээд хэвлэлд ярилцлага өгөхгүй байсан. Би тэгээгүй шүү дээ гээд яриад, өөрийгөө өмөөрөөд байх нь сонин биш. Ярихгүй байж байгаад асуудлаа шийдүүлье. Тэртээ тэргүй надад ярих хугацаа гарна гэж бодож байлаа. Мэдээж дараа дараагийн шүүхэд найдахаас өөр алга. Гэхдээ одооноос дуугүй байхгүй. Хангалттай дуугүй байлаа. 

-Та Бэрэн компанитай ямар нэгэн байдлаар хамаатай юм биш биз?

-Хамаатай болгох гэж шалгаад юу ч олоогүй. Харин ч сүүлд мэдэх нь ээ улс төрийн талаас нь хараад үзэх юм бол “Бэрэн” компани АН, МАН-ын овоо томоохон холбоотнуудын компани юм байна лээ. Хуучин Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа гуайн ах дүүгийн компани ч гэж ярьдаг. Би МАХН-ын гишүүн байж МАН, АН-ын хамааралтай компаниас мөнгө аваад асуудал шийдчихсэн бол баларна биз дээ.