БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагууд өнөөдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд PCR шинжилгээ авахаа албан ёсоор зогсоож байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ. Монгол Улсын экспортын гол гарц Гашуунсухайт боомттой хиллэдэг тус боомтоор өдөрт гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо өндөр түвшинд хадгалагдаж, сүүлийн өдрүүдэд бараг 900-д дөхөөд байна.
БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалж, эдийн засгаа эргэн нээж байгаатай холбоотойгоор боомтын удирдлагууд цар тахлын зарим арга хэмжээг сулруулсан нь цаашид нүүрс тээвэрлэлт нэмэгдэхэд эергээр нөлөөлөхөөр байгаа юм.
Энэ оны эхний 11 сарын байдлаар авто замын боомтуудаас Гашуунсухайтаар нийт экспортын 60 орчим хувь нь гарсан бөгөөд тухайн хугацаанд 15.5 сая тонн түүхий эдийг нийт 21 мянга 800 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 120 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Монгол Улс Гашуунсухайтаас гадна Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бургастай, Булган гэсэн долоон авто замын боомтоор эрдэс бүтээгдэхүүн экспортолж байна.