"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 оноос нүүрсээ хил нөхцөлөөр зарна. Мөн хоёрдугаар сараас нүүрсээ биржийн журмаар, цахимаар нээлттэй ил тод арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан баг ажиллаж байгаа.
Ирэх сарын 1-нээс нүүрсээ биржээр арилжаална гэж тооцож байна. С зөвшөөрөл гэдэг нь Монгол Улс БНХАУ хооронд олон улсын тээвэрлэлт хийх автомашины зорчих зөвшөөрөл. Энэ оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин буюу 2022 оны зөвшөөрлийн хүрээнд тээвэрлэлт явна.
Харин нэгдүгээр сарын 15-наас хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон хэмжээгээр С зөвшөөрлөө олгоно. Бид эхний ээлжинд хил үнээр худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлтийг гүйцэтгэх ААН-ийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй ил тод сонгон шалгаруулах байдлаар хийнэ.
Төрийн худалдан авах газарт хил нөхцөлөөр нүүрсээ зарахтай холботой тээвэрлэлтийн тендерийг зарласан байгаа. Энэ сарын 18-нд тендер нээж, дүгнээд 20-ны үеэр гэрээ байгуулна. Шалгарсан ААН-үүдэд С зөвшөөрөл олгоно.