ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бодол

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-24

Өглөө бүхэн нар манддагаараа мандаж буйг мэдэж байгаа ч, мэдэрч байгаа юм алга.

Хөлгүй их хотын хөлтэй их гудманд лааз өшиглөж явна. Эгээ л сүрэлд унасан зүү, үнсэнд хаясан шалз лугаа адил нийгмийн дунд, нийтийн дунд хүн хог болоод гэлдэрч явна. Зарим нь хэлдэг л юм “залуу хүн байж яасан гутрангуй юм бэ” гэж. Тиймээ, тийм ч байж болох юм. Төрсөн л юм чинь өвдөхөө, өтлөхөө, үхэхээ, орчлонгийн дөрвөн зовлонгоос гэтэлж ер чадахгүйгээ мэдэж байгаа учраас, тэдэн маань өдөр өнгөрөх тусам дөтлөөд байгаа учраас, дөтлөөд байхад нь утга учиргүй амьдраад, алгасраад байгаа учраас л шал дэмий шаналаад байгаа хэрэг.

Ихэнхийг бодвол их олон зүйл надад буй. Эх сайхан орон, их сайхан гэр бүл, гэр орон, аминаас хайртай хүүхдүүд, амраг садан, ажил төрөл бий. Гэхдээ нэг л биш гэдэг шиг, нэг л юм болохгүй байгааг мэдрэмжээрээ мэдээд байна. Гээд энэ гээд тайлбарлаж чадахгүй байна. Магадгүй манай гариг дээр байдаггүй өнгийг, өөрийн ядмаг хэлээрээ тайлбарлах гэж буй мэт сэтгэгдэл төрөөд болдоггүй. Ягаандуу, яг тэгэхдээ ягаан биш ээ гэдэг шиг. Сэтгэлд оршоод байгаа тэрхэн мэдрэмжийг энэхэн зайд бичиж төвдөхгүй нь ээ. Олон жилийн өмнө надад байсан анд одоо мэндлэхийг ч хүсдэггүй шиг, хуурмаг ертөнцийн хувилгаан дүр, багшийн сургаалын хамгийн нандин шимтэй сүлэлдээд өнөөдрийн сайхан мэдрэмжийн өнгийг бууруулаад байна. Өөр юу ч хэлэх вэ дээ...

Орой бүхэн одод түгж буйг мэдэж байгаа ч, мэдэрч байгаа юм алга. Гэрэлт хотын гэрэлгүй гудамжинд сэтгэл минь оршсоор...