ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд онгоц, вагон, автобусаар 50-90 хувийн хөнгөлөлттэй зорчино

O.Admin
2023-02-09

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл"-өөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хот хоорондын тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэхэд 50 хувиас 90 хувь хүртэлх тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Энэхүү хөнгөлөлт нь 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэнд адил тэгш хамаарна гэдгийг Зам тээврийн сайд С.Бямбацогт онцоллоо. 

Тухайлбал, УБТЗ ХНН буюу төмөр замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн 60 хувь, түүний асран хамгаалагч, хариуцагч нь 40 хувийн хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлнэ. Харин орон нутгийн чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр жилд нэг удаа хүссэн чиглэлдээ үнэгүй зорчих, МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр үйлчлүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50-90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлээд байгаа аж. 

Ингэхдээ, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төдийгүй түүний асран хамгаалагч, хариуцагч нь  энэ төрлийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой юм.

С.Бямбацогт сайд хэлэхдээ "Цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний тэгш боломж, оролцоог бий болгох, бүх төрлийн тээврээр аюулгүй, ая тухтай зорчих боломж, нөхцөл, бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэхэд анхаарч, хүн төвтэй, иргэндээ зориулагдсан үйлчилгээний соёлыг нэвтрүүлэхэд улам илүү хичээл зүтгэл гаргаж ажиллах болно" хэмээлээ.