Анх удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний цахим арилжааг зохион байгууллаа. Энэ талаар Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани биржээр нүүрс зарах ажиллагаа анх удаа амжилттай боллоо. Өнөөдөр 32 мянган тонн нүүрсийг Ганцмодны боомтоор арилжлаа. Бид 178.6 ам.доллараар нэг тонн коксжих нүүрсийг арилжсан. Анхны арилжаагаа бид амжилттай хийлээ. Түүнээс өмнө нь ам нөхцөлөөр зарахдаа нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар арилждаг байсан бол 178.6 болон дээш үнээр арилжаалах боломжтой болсон. Ингэснээр Монгол Улсын олох орлого, ашиг, валютын урсгал нэмэгдэнэ” гэв.