МУИС төлбөрөө нэмж гэнэ. Угаасаа жил бүр нэмдэг л дээ. Арав гаруйхан жилийн өмнө 600 мянга байсан төлбөр жил бүр нэмсээр эдүгээ гурван сая гаруй төгрөг болжээ. За энэ ч яах вэ, чанартай боловсролыг өндөр төлбөрөөр олгодог гэж бодвол хууль журмынхаа дагуу нэмж байвал болохгүй зүйл алга. Харин үүнийгээ дагаад чанар болон сургуулийн орчин сайжирч байгаа юу гэдэг нь асуудалтай. Арван жилийн өмнө ямар ангид хичээл ордог байсан тэр л ангидаа хичээллэж, ямар багш нар хичээл заадаг байсан тэр хэвээрээ байгаа нь худлаа биш. Өөрөөр хэлбэл төлбөр нэмсэн ч сургалтын чанар, сургуулийн орчин өөрчлөгдсөнгүй. Түүнийг эсэргүүцэж тус сургуулийн оюутнууд жагсжээ. Энэ ч гэсэн бидний сонгосон ардчилсан нийгэмд байдаг л энгийн зүйл.
Хэрвээ буруутгаж байгаа бол энэ нийгмийнхээ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс гэсэн үг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа нь энэ юм. Гэтэл МУИС-ийн удирдлагын түвшинд ажиллаж байсан Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор профессор О.Мөнхбат сургалтын төлбөрийн нэмснийг эсэргүүцэн жагсаж байсан оюутнуудын хажуугаар өнгөрөхдөө “Даварсан юмнуудыг зайлуулаач” хэмээн зандарч, “Юу ч мэдэхгүй малнууд” хэмээн доромжилж, тайлбар шаардсан оюутнууд руу дунд хуруугаа гаргаж, аархав. “Багшийн эрдэм шавьд” гэж бэлгэшээдэг ард түмэнсэн. Дунд хуруу гаргадаг, иймэрхүү ёс зүйтэй багшаас оюутнууд яг юуг нь сурах вэ. Магадгүй дунд хуруу гаргахыг, дургүйгээ хүргэсэн хэн нэгнийг “мал” гэж дуудахыг сурах уу. Тэгээд түүний хэлснээр бол оюутнууд нь “мал” юм бол өөрөө “мал”-нуудад хичээл заадаг багш гэсэн үг үү.