ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний салбарын удирдлагууд 5.4 тэрбум төгрөгийн тендерийг хувьдаа завшсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-27

АТГ-аас тухайн сард хийсэн, шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар мэдээлэл өгдөг  хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Хуралд АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар оролцсон юм. 

Хэвлэлийн хурлаар наймдугаар сард хийсэн ажил болон Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт болон АТГ-аас шалгаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгөв.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “АТГ-т өнгөрсөн хугацаанд төрийн яам, агентлагтай холбоотой маш олон гомдол санал ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын байранд үүрэг гүйцэтгэгч ажиллуулдаг, төрийн албанд улс төрийн томилгоо хийдэг, танил тал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж шийдвэр гаргасан гэх мэт олон зөрчил гаргасан учраас Засгийн газарт 155 чиглэл бүхий зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмж хэрэгжиж байгаад гурван сарын хугацаанд хяналт шалгалт явууллаа.

Гэвч Засгийн газрын яам агентлагууд зөвлөмжийн биелэлттэй холбогдуулж дорвитой арга хэмжээ авч ажиллаагүй. Хангалтгүй гэсэн дүгнэлт гараад байна. Төрийн болон нийтийн албан тушаалтнууд ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой зааж өгсөн ч авлига ашиг сонирхлын зөрчил тасралтгүй гарах нөхцөл байдал бий болоод байгаа. Ашигт малтмалын олборлолт хууль бусаар хийж байгаа зөрчил олон газарт илэрсэн.

Өөрөөр хэлбэл, УУХҮ-ийн яам болон БОАЖЯ-нд энэ талаар зөвлөмж хүргүүллээ. Нөхөн сэргээлт явуулах нэрээр олборлолт явуулдаг, мөн хууль бусаар авлига, хандив авсан зөрчил илэрсэн. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн мөнгийг өөр компанийн нэр лүү шилжүүлж, улмаар өөрийн хамаарал бүхий компанид шилжүүлэн авсан гэх асуудлыг шалгаж байна. Мөн Эрчим хүчний салбарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд төсөвт өртөг нь өндөр долоон тендер шалгарсныг Эрчим хүчний салбарын удирдлагууд хувийн компанид авсан байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байна. Нийт 5.4 тэрбумын асуудал бий” гэв. АТГ-т өдгөө 334 авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэг хянагдаж байгаа аж. Мөн цөөнгүй хэргийг прокурорт хэрэг үүсгүүлэхээр шилжүүлжээ.

Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ “Хангай” хотхонд давуу эрх олгож, хувьдаа 970 гаруй төгрөгийг завшсан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлж, улмаар түүний төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасч, 19 сая төгрөгийг төрд төлөх, мөн “Хангай” хотхоноос 974 сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт тушаах шийдвэр гаргасан аж.

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэбүрэнгийн “River Garden” хотхоноос 344 метр квадрат бүхий орон сууц авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хэргийг цагаатгажээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүний зөвлөх Т гэгч нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих тендерийг өөрийн хамаарал бүхий компаниудад олгохоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх асуудлыг шалгаж байна хэмээлээ.