ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗӨВЛӨГӨӨ: Идээ ундаагаар эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхүй

O.Admin
2023-03-08

УАУ-ы их эмч, сэтгэл судлаач, “Идээ ундаар эмчлэхүй” сургалтыг санаачлагч, сургагч багш, АУ-ы магистр Б.Батчимэгийн бэлтгэсэн зөвлөгөөг эрхэм уншигч танд хүргэж байна.

Цэвэршилт гэж юу вэ?

Эмэгтэй хүн бүрийн бие организмд цэвэршилт гэх физиологийн хэвийн үйл явц явагддаг. Хэрэв нэг жилийн хугацаанд эмэгтэй хүний өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу өөрөөр хэлбэл сарын тэмдэг огт ирээгүй бол үүнийг цэвэршилт гэж нэрлэдэг. Энэ нь эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссаныг илтгэнэ. Ихэвчлэн 50 орчим насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг ч хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан хэлбэлзэх нь бий. Хэрэв 40 наснаас өмнө цэвэршилт явагдаж эхэлсэн бол үүнийг цагаасаа өмнө цэвэрших гэж нэрлэдэг бол эрт цэвэршилт нь 40-44 насанд явагддаг.

Эрт цэвэрших шалтгаан юу вэ?

Хэт эрт сарын тэмдэг ирсэн, хүүхэд төрүүлээгүй, мөн тамхи татдаг, удамшил, сэтгэл санааны хямрал, нийгмийн орчин, амьдралын хэв маяг зэрэг нь цагаасаа өмнө цэвэрших эрсдэлтэй байдаг.

Цэвэршилт явагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Тогтворгүй сарын тэмдэг, гэнэт халуун оргих, толгой өвдөх, ой санамж болон төвлөрөх чадвар муудах, зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсч, хэм алдагдан бүр даарах нь ч бий.

Хөгшрөлтийг сааруулах боломж байх уу?

Алтан эдлэл хэрэглэх нь урт наслуулж хөгшдийг чийрэгжүүлнэ хэмээн эртний мэргэдүүд олон судар бичигт тэмдэглэн үлдээжээ.

Уламжлалт анагаах ухаанд эрт цэвэршихээс урьдчилан сэргийлэх аргууд байдаг уу?

Төөнүүр эмчилгээ

Хий, мэдрэлийн ядаргаа, чих шуугих, толгой өвдөх, мартамхай болох, зүрхний хэм алдагдах, солиорох, ухаан алдах, үе мөчөөр өвдөх, бөөр, ходоодны өвчин, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дотоод шүүрлийн тогтолцооны хямрал, уушги, дэлүү, элэг, цөс гэх мэт өвчний үед  өргөн хэрэглэнэ. Сардаа нэг удаа 3-5 хоногоор хийн цэгүүдэд төөнүүр хийлгүүлж хэвшээрэй.

Тосон бариа

Биедээ тос түрхэж иллэг хийх  нь хөгшрөлтийг удаашруулж, хий өвчнөөс   урьдчилан сэргийлж, алжаал ядаргаа тайлна. Та 14  хоногтоо доод  тал нь нэг удаа тосон бариа хийлгүүлж хэвшээрэй.

Шар тосны хэрэглээ

Тос бүгдийн дээд нь шар тос юм. Ой тогтоолтыг сайжруулдаг ба зөнөгрөхөөс сэргийлнэ. Мөн хий дарж тамир тэтгэнэ.

Хэрэглэх арга: Бие, толгойн орой, гарын алга, хөлийн ул, өвдөг, чих, хүзүү орчим түрхэж иллэг хийнэ. Өглөөд арвайн гурилтай хумсны толион чинээ шар тосыг  идэж хэвшээрэй.

Шөл уух

Хонины махтай хар шал, саримстай хар шөл, битүү шөл, таван цулын шөл, 3 шимтийн ясны шөл ууснаар хий дарагддаг ба тамир тэнхээ  үүсгэх дээд идээ билээ. Долоо хоногтоо 1-2 удаа идэж хэвшээрэй.

Рашаан, ясны шөлөнд орох

Хонь, үхрийн ясыг сайтар буцалгаад гаргаж авсан шим шөлийг нь устай ваннд хийж, дотор нь орж хэвтэнэ. Сардаа 1-2 удаа рашаан, ясны шөлөнд орж хэвшээрэй.

Битүү хонины толгой чанаж идэх

Гурван настай хонины толгойг хуйхалж, цэвэрлээд гүзээнд хийнэ. Нэмэлтээр 300 грамм орчим ус хийгээд түүндээ саримс, цагаан гаа, бага зэрэг жамц давс, ногоон сонгино, хар перец, халиар, хүнхээл, мангир зэрэг амтлагчуудаас аль нэгийг хийгээд битүү бооно. Тогоонд чанах бол хоёр цаг орчим харин битүү чанагчид 40 минут чанана. Ингээд халуун уураар утаж, эрүүний ясыг салган авч эрүү, шанаа, чамархай хэсгээрээ жигнэж шөл, махнаас нь иднэ.

Бясалгал хийх

Өдөрт 12 минут бясалгал хийдэг хүмүүсийн эсийн хромсомын төгсгөл хэсэг болох теломер нь уртасч байжээ. Теломер урттай хүмүүс илүү урт насалдагийг судалгаанаар нотолсон тул өдөр тутамдаа бясалгал хийж хэвшээрэй.

Зонхилон тохиолддог эмэгтэйчүүдийн цус бүрэлдэх, хий бүрэлдэх өвчний үүсэх нөхцөл:

Уруу арилгагч хийн хямрал (уруу арилгагч хий гэдэг нь хошного, өндгөвч, умай хэсэгт байрлаж өтгөн, шингэх гаргах, унгах, бэлгийн үйл, хүүхэд олохоос төрөх үйл явцыг зохицуулдаг хийн судлыг хэлдэг ба энэ уруу арилгагч хийн судал хямрах нөхцөл нь өтгөн, шингэн, унгас, үрийн шингэн зэргийг хэт хүчлэн хорих эсвэл гарах болоогүй үед хүчээр гаргах нөхцөлөөр хямарна), амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, сөрөг сэтгэл зүй, өндгөвч, умайн үрэвслүүд, эмэгтэйчүүдийн архаг өвчнүүд, төрсний дараах гам алдалт, төрсний дараах ихэс ховхрохгүй байх, цус алдах, шавхарга дутуу гарах, төрсний дараа    доод биеийг жиндүүлж дааруулах, салхи авхуулах, төрсний дараах арчилгаа, сувилгаа  дутагдах гэх мэт хүчин зүйлээс болж уруу арилгагч хий хямарч, зүрхний түгээгч хийтэй нөхөрлөн эмэгтэйчүүдийн хий  бүрэлдэх өвчнийг үүсгэдэг.

Эхлээд цус бүрэлдэх өвчин үүссэний дараа нэг сараас хойших шинж тэмдэгтэй хуучирсан өвчнийг хий бүрэлдэх өвчин гэж хэлнэ.

Цус бүрэлдэх өвчний шинж тэмдэг: Бэлхүүснээс доош яс шархиран өвдөх, хэвлийн доод талаар халуун оргиж базалж өвдөх, нуруу, элэг өрцөөр хатгуулах, умайгаас цус гарч задгайрах, эсвэл гарахгүй өгөрлөж үрэвсэл явагдана.

Хий бүрэлдэх (эмэгтэйчүүдийн хий өвчин) өвчний шинж тэмдэг: Яс үесээр шархирна, сэтгэл тогтворгүй болно, толгой эргэж, толгойн яс хөндүүрлэж янгинана, бүх бие янгинаж өвдөнө, хавагнана, нүд бүрэлзэнэ, солиорох, ухаан алдах, мартамхай болох, их ярих эсвэл дуугаа хураах, давсгаар өвдөх, хэвлийн доод талаар өвдөнө, сарын тэмдгийн өнгө үнэр өөрчлөгдөх ба үргэлж гарна. Дээрх зовуурь илэрч байгаа бол уламжлалтын мэргэжлийн эмчид хандан тохирсон эм эмчилгээг аваарай.

Уншигч та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/Dr.Batchimeg?mibextid=ZbWKwL фэйсбүүк хаяг болон 99605567 утсаар мэдээлэл аваарай.