“Хөлсний амт” буландаа өөрийн хүчээр амьдралаа босгож яваа гагнуурчин залуу Б.Өнөболдыг урьж, ярилцлаа.
“Төмрийн Уран Дархан” фэйсбүүк хаягт байршуулсан зарын дагуу “Төмөр хийц”-ийн бүтээцийн захиалгад дарагдаж, сайшаал магтаалын үгэнд дарагдаж байдаг залуутай утсаар ярихдаа нэлээн нас ахиж байрагшсан гагнуурчинтай уулзах нь гэж бодсон юм. Гэвч тэрбээр дөнгөж 28 настай, элгэмсүү яриа хөөрөөтэй, эгэл нэгэн байсан юм. Сайн муу олон хүнтэй учирсан амьдралдаа л баярладаг даа хэмээн даруухан инээмсэглэх түүний яриа танд нэгийг бодогдуулах биз ээ.
-Гагнуурчин мэргэжлийг яаж эзэмшсэн бэ?
-Би айлын бага хүү. Дээрээ хоёр ах, гурван эгчтэй. Сурлага сайтай байсан болохоор 2004 онд 10 дугаар ангиа 15 настайдаа төгсөж, элсэлтийн шалгалт өгөөд, МУИС-ийн хуваарь авч байлаа. Тухайн үед манайх таван оюутантай байсан. Дээр нь нэг нэмэгдэж болдоггүй. Аав “Миний хүү энэ жилдээ өнжөөд малаа малла” гээд намайг Дундговь аймгийн Баянжаргалан сум руу явуулсан. Дараа жил нь элсэлтийн шалгалт өгч, Төмөр замын дээд сургуулийн замын ашиглалтын инженерийн ангид орсон боловч “Хөдөө мал маллах хүн алга, дахиад нэг жил өнжчих” гээд өнжөөж байсан. Ээжийн тал гарын ур дүйтэй хүмүүс байдаг. Аав математекийн багш учир тооцоолон, гарын ур дүй шаардсан ажилд толгой сайн ажилладаг, дуртай байсан. Мал маллаж байхдаа хөдөөний гарын уртай хүмүүсийг дагаж, хар бор ажлыг нь хийдэг байлаа. Тэгж байгаад л гагнуур хийж сурсан. Гагнуурчны сургууль төгсөөгүй ээ. Манай найзууд өндөр зэрэглэлийн гагнуурчид байдаг. Анх гуйлгын ажил их хийдэг байсан. Заасан хүмүүс нь сайн бол суралцаж байгаа хүн нь сайн сурдаг юм билээ. Сургуульд нь сураагүй ч гэсэн 2014 онд Герман Монголын хамтарсан сургуульд шалгалт өгөөд, гагнуурын V дугаар зэрэгтэй болсон. Гагнуурчны VI дугаар зэрэг авах шалгалт өгнө гэж ойрын хугацаанд төлөвлөсөн.
-Хэзээнээс өрх тусгаарлаж, бие даан ажиллаж эхлэв?
-2011 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, сууснаар өрх тусгаарлаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны өвөл зарын дагуу барилгын компанид ажилд орсон. “Комп трейд” ХХК эхний гурван сарын цалингаа өгсөн боловч сүүлийн зургаан сарын цалингаа авч чадалгүй хууртсан. “Комп трейд” ХХК-ийн захирал н.Гончиг Дээд шүүхэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан учир шүүхдээд ч цалингаа авч чадаагүй. Тэр үед гэрээ байсан боловч 10 гаруй сая төгрөгийн цалингаа хаясан гэж бодоод л, буянаараа болно биз гээд орхисон.
-Чамд хатуу сургамж болсон байх. Дараа нь ямар ажил хийж байв?
-Гагнуураас ер нь холдож байгаагүй. Тендерийн ажил авсан хүмүүст туслан гүйцэтгэгч хийдэг байсан. Сүхбаатар дүүргийн 16,17,18 дугаар хорооны явган хүний гүүр, шат, хашаажуулалтыг хийж гүйцэтгэсэн. Ингэж явахдаа өөрөөсөө гадна долоон хүнийг ажиллуулдаг цехээ нээсэн дээ.
-Хүн ажилд авахдаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай ажлын зар тавихад 10 хүн ирдэг. Ажлаа хийгээд, цалингаа аваад явдаг нь тав юм уу дөрвөн хүн байдаг. Тэгсээр амьдралын төлөө хүмүүс нь шигшигдээд үлдчихдэг. Миний үеийн залуучууд ажлыг хараад л голоод явчихдаг. Чин сэтгэлтэй хүмүүс нь андашгүй байдаг юм. Цалингаа өдөртөө хийснээр нь олгодог. Манай ажилтнууд багадаа сая гаруй төгрөгийн цалин авна. Ажил орж ирээд л байвал хоёр сая төгрөгийн цалин ч авдаг.
-Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хувь хүн, компаниудаас ялгарахыг хичээдэг үү?
-Хийж чаддаг зүйлээ хийдэг учир нэг их үнэрхдэггүй. Урьд нь би өөрөө хүний дор ажиллаад, цалин авдаг байсан учир зуучлалын хөлс л авдаг байсан. Өөрөө захиалгаа гардаж аваад, гүйцэтгээд хийхээр орлого харьцангуй нэмэгдсэн. Төмөр хийцийн зарим бүтээцүүдийг харахаар “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг нэг удаагийн захиалгыг дэндүү ашгийн төлөө хийснийг хараад харамсдаг. Өвөө, эмээ нар “Тэтгэврээ гурван жилээр барьцаалаад, гурван сая гаруй төгрөг авсан. Тэр мөнгөөрөө зуслангийн хашаагаа хийлгэсэн чинь зээлээ төлж дуусаагүй байхад уначихлаа. Янзалж чадах уу миний хүү” гээд л ороод ирдэг. Юм мэдэхгүйг нь далимдуулаад хамгийн муу төмрийг өндөр үнээр үнэлээд хийсэн байхыг хараад дургүй хүрдэг. Идэх хоолноосоо хасаж байгаад л ажлын хөлсийг нь өгч байхад шүү дээ. Надаар үйлчлүүлсэн хүн миний маркетинг сурталчилгааг үнэгүй хийгээд өгдөг. Жишээ нь, би өнөөдөр үүрийн таван цагаас эхлээд орой бүрий болтол ажил гүйцэтгэж, захиалгатай байгаа нь миний өмнөх ажлын шагнал. Ихэнх үйлчлүүлэгчид маань “Миний найз чамаар хийлгэсэн байсан. Би хаалгаа, хашаагаа чамаар л хийлгэнэ” гээд зориод ирдэг. Нэмж хэлэхэд, хүнд нүүрийн буян гэж байдаг байх. Би фэйсбүүкт зар оруулж зарим ажлаа олдог. Утсаар ярьсан хүмүүс уулзаад, “Нүүрийн буянтай сайхан хүү байна” гэж магтахаар сайхан санагддаг.
-Өнөөдрийн энэ амжилтад хүрэхийн тулд чи банкны ч юм уу бусад зээлд хамрагдаж байсан уу?
-Үгүй. Нэг удаа хадам ааваасаа гуйж үзсэн. Манай хадам аав мянгат малчин хүн байдаг. Тэр үед боломжгүй байсан юм байлгүй надад туслаагүй. Тэрнээс хойш хүнээс мөнгө асуулгүй өдий хүрсэн. Харин төмрийн түүхий эд нийлүүлдэг ах нар надад итгээд, түүхий эд, бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр зээлээр нийлүүлдэг. Би өнөөдөр авсан бүтээгдэхүүний мөнгийг орой өгнө гэсэн бол хэлсэн хугацаандаа өгдөг. Тэд “Чи яаж ингэж ажил олоод байна аа. Бусад нь хурууны үзүүрийн ажил авах юм” гээд хэлдэг юм.
-Ажилдаа үнэхээр дуртай юм аа?
-Захиалга бэлэн болоод эзэндээ очих үед хамгийн сайхан мэдрэмж авдаг. Захиалагч “Бодож байснаас илүү гоё болжээ. Миний дүү үнэхээр төмрийг мэддэг юм байна. Үйлдвэрийн машинаас ч илүү зорсон байна шүү” гэж хэлэхэд сэтгэл ханадаг. Дараагийнхаа ажлыг илүү гоё хийхийг зорьдог. Төмрийг хүмүүс хатуу гэж хардаг. Хатуу боловч би л хүсвэл миний төсөөлөлд дүрслэгдснээр хувирч чаддаг нь миний сэтгэлийг татдаг. Би өөрийн хийсэн гагнууртаа 100 илүү хувийн баталгаа өгч чаддаг.
-Өрийнхөө зах зээлийг яаж мэдэрч байна. Цаашид ямар зорилго тавьж байгаа вэ?
-Хэдэн жилийн өмнө том харж, том сэтгэнэ гээд мундаг алдсан. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга байсан хүн “Чи ажлын тендер ав. Бүх бичиг баримтыг нь дарга нь зохицуулна” гэж хэлээд надаар 18 сая төгрөгийн гэрээний ажил хийлгэсэн. Миний итгэлийг далимдуулж, компанийн тамгаар 35 саяын давхар гэрээ хийснийг нь би сүүлд мэдсэн. Авилгатай тэмцэх газраас ирсэн шалгалтаар надад анхны гэрээнүүд байсан тулдаа би хэргээс мултарч, буруугүй үлдсэн. Тэр үед баримт сайн хөтөлдөг байсан тулдаа л өөрийгөө аварсан. Тэрнээс хойш дээд боловсрол эзэмшиж, мэдлэг боловсролтой болъё гэсэн зорилго тавьсан. Өнгөрсөн жилээс МҮИС-ийн барилгын инженерийн ангид сурч байна. Инженер болсныхоо дараа төмөр хийцийн цехийнхээ хажууд модон эдлэлийн мужааны цех нээж өргөжүүлнэ гэж боддог. Өөрийн гэсэн барилгын компанитай болно доо.