Оюутолгойн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан үе үеийн төр засгийн удирдлагууд болон эдийн засагчид, бусад албаны хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг уншигч танд хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:
-Гүний уурхай ашиглалтад ороод явж буй энэ цагт намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ямар зүйл дээр амжилтад хүрч, мөн ямар асуудлаар санаа оноо нийлэхгүй байсныг хэлэх нь зөв юм байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 30 гаруй асуудлаар харилцан ойлголцож чадсан учраас 2013 онд Оюутолгой зэсийн баяжмалын хамгийн анхны экспортоо хийж байлаа. Энэ бол түүхэн чухал ажил байлаа. Монгол Улс Эрдэнэтийн зэсийг л дэлхийд гаргаж байсан бол Оюутолгой хоёрдогч нь болсон юм. Тухайн үед 3-4 асуудлаар санал нийлэхгүй байлаа. Үе үеийн Засгийн газар Монгол болон хөрөнгө оруулагчдад ашигтай байх асуудлыг ярьсаар ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга:
-Өнөөдөр Монгол Улсад нэгэн томоохон үйл явдал болж байна. Өмнийн говьд гүний уурхайн олборлолт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, мөн гуравдагч улс орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарч ажиллаж байлаа. Өнөөдөр Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оролцож, энэ том үйл явдлыг дэлхий дахинд зарлаж буйд талархаж байна.
Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт:
-Дэлхийд дөрөвт багтах том ордын гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлж байна. Монгол Улсын эдийн засгийг томруулахаас гадна, дэлхийд эхний тавд багтах том бүтээн байгуулалт эхэллээ. Хамгийн эхний гэрээ зурагдсанаас хойш 14 жилийн дараа ил болон далд уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэллээ. Дэлхийн том мега төсөл Монголд хэрэгжиж байгаа нь Монгол Улсын экспортын болон боловсруулах үйлдвэрийн том амжилтыг эхлүүлнэ. Мөн гадны хөрөнгө оруулалтыг ч их хэмжээгээр татах болно.
Оюутолгойн төсөл эхэлснээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд маш их улстөржилт, үл ойлголцол бий болгож байсан. Тэгвэл үүнийг даван туулж чадсан байна. Гэрээ зогсох хэмжээнд хүртэл асуудал яригдаж, хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсний үр дүнд гүний уурхайн бүтээн байгуулалт жигдэрч, үйл ажиллагаа нь эхэллээ. Нэг том мега төслийг монголчууд өөрсдөө эхлүүлж чадсан нь дараа, дараагийн мега төслүүд эхлэхийн тулд урт хугацааг давж, олон УИХ, Засгийн газрын сорилтод орж эхэлдэг юм байна гэдгийг ойлгосон байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа ч тэр, Засгийн газрын тэргүүнийхээ хувиар ч тэр үр дүнтэй хэлэлцээрүүд хийсний дүнд холбогдох гэрээ хэлэлцээр Монголд ашигтайгаар шийдэгдэж, гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай эхэлж байна. Ер нь бол Оюутолгойн бүтээн байгуулалт жигдэрснээр нэг хүнд ногдох ДНБ эрс өсч, Монголд орох валютын урсгал нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ, татвар хураамжийн хэмжээ нэмэгдэнэ. Монголчууд Оюутолгойн болон байгалийн баялгийнхаа ач тусыг бүгд хүртэх боломж цаашид улам илүү мэдрэгдэнэ.
“Рио Тинто Монгол” ХХК-ийн Дэд захирал Петр Батлер:
Өнөөдөр бол маш чухал өдөр. Гүний уурхайн бүтээн байгуулалт бол 10 гаруй жилийн нөр их хөдөлмөр. Оюутолгойд ажиллаж буй 20 гаруй мянган монголчууд өнөөдөр энэ бүхнийг бий болгож чадсан. Бид энэ уурхайгаас хэмжээгээрээ Манхеттантай дүйцэхүйц хүдэр олборлож байна. Үүнийгээ 1.3 км-ын гүнд гүйцэтгэдэг. Өнөөдөр бид энэ бүхний үр дүнг харж, ирэх сар жилүүдээс олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.
Блогчлон олборлох нь техникийн хувьд их ярвигтай. Хүдрийн биеийг дороос нь огтолж, дээш тэслэн, дэлхийн татах хүчээр доош нурсан хэсгийг цуглуулж газрын гадарга руу тээвэрлэдэг. Ярвигтайгаас гадна хугацаа их шаарддаг. Гэхдээ нэг олборлоод эхэлчихвэл зардал багатайгаас гадна өндөр үр ашигтай учраас олборлолтыг нэмэгдүүлээд явах юм. Газрын гүнд буй илүү өндөр ач холбогдолтой хүдрийг олборлож эхэлснээр олборлолтын хэмжээ аажмаар нэмэгдэхээс гадна уурхайгаас ирэх орлого сайжирна.
Мөн “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар хэрхэн хамтарч ажиллаж буйг харуулснаар дэлхийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох, хөрөнгө оруулалт нэмэгдэх давуу талтай. Аюулгүй байдал бидний хамгийн чухал зүйл. “Рио Тинто” группын хэмжээнд Оюутолгойн аюулгүй ажиллагаа номер нэг. Бид оффисоос уурхайн гүнд хүртэл аюулгүй ажиллагааг баримтлах өөрсдийн гэсэн соёлтой. Дэлхий нийтийн төлөө дэлхийн зэрэглэлийн уурхайгаа илүү эрчимжүүлж буйгаа зарлаж байна. 500 гаруй ханган нийлүүлэгчийн 90 гаруй хувь нь монголчууд.
“Оюутолгой” компанийн санхүү эрхэлсэн Дэд захирал Б.Дуламсүрэн:
-Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Манай ордын 80 хувь нь газрын гүнд байдаг. Өнөөдөр гүний уурхайн олборлолт эхэлж байгаа нь 80 хувиа ашиглаж эхлэх нь ээ гэсэн үг. Миний хувьд энэ төсөлд гар бие оролцож, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буйдаа маш их баяртай байна. Оюутолгойг гурван зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, 80 хувиа олборлож эхэллээ. Хоёрдугаарт, гуравдагч орноос орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Өнөөдрийг хүртэл 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой руу хийсэн. Гүний уурхай өөрөө 7 тэрбум ам.доллароор босож байна. Арав гаруйхан жилийн өмнө хоосон байсан газарт дэлхийд дөрөвт багтах том зэсийн ордыг цогцлоосон нь бахархал юм. Бид ажлын байранд залуусаа бэлтгэхээс гадна сургалтад хамруулж, ШУТИС-тай хамтран боловсон хүчнээ бэлтгэж байна.
“Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт:
-Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи хамгийн том мега төсөл бол Оюутолгой. 2010 оноос өнөөг хүртэл ДНБ нэг дахин нэмэгдсэн. Оюутолгой төсөлд нийтдээ 17 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн. Дөрвөн тэрбум хүртэл бүх төрлийн татвар, хураамж төлсөн юм билээ. Мөн ажлаа эхэлснээс хойшхи хамгийн том мөчлөг өнөөдөр эхэлж байна. Рио Тинто далд уурхайн олборлолтоо эхлүүлснээр дэлхийд томд тооцогдох зэс үйлдвэрлэгч болж байгаа юм.
Зэсийн хэрэгцээ цаашдаа ч нэмэгдэх учраас маш чухал төсөл гэж бид дүгнэдэг. Мөн энэ төсөлд маш олон монгол залуус гар бие оролцож байна шүү дээ. Монголын аж ахуйн нэгж, орон нутаг, Засгийн газар, яам идэвхтэй хамтарч ажиллалаа. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн уул уурхайн олборлолтын тоног төхөөрөмж дээр инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж өглөө. 1000 гаруй том жижиг бэлтгэн нийлүүлэгчдийг чадавхжуулж, өсгөж үржүүлэв. Цаашдаа ч өгөөж нэмэгдэх ёстой. Ялангуяа зэсийн баяжмал, алт экспортлохоос гадна нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн буюу тухайлбал эрчим хүч экспортлох зэрэг том боломж бий.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Ж.Наранпүрэв:
-Далд уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь Монгол Улсад шинэ цаг үе эхэлж буйг зарлаж байна. Монголд ирэх татвар, хураамж, төлбөрийн үр өгөөж нэмэгдэх юм. Дэлхийд өрсөлдөхүйц алт зэсийн уурхайн олборлолт эхэлж байгаа нь гадны хөрөнгө оруулалтыг илүү өргөн хүрээнд татах эхлэлийг тавьж өглөө.
УИХ-аас баталсан 92,103 дугаар тогтоолыг ажил хэрэг болгохоор Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг уйгагүй яриа хэлцэл хийсний үр дүнд энэ төсөлд том өөрчлөлт гарсан. Мөн далд уурхайн шинэ үе эхэлж буйг зарласан өөр нэг зүйл нь ШУТИС-ийн дэргэд Далд уурхайн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн явдал. Оюутолгойд ажиллах хүчний 95 хувь нь монголчууд байгаа. Цаашдаа энэ тоог өсгөх, мөн удирдах түвшинд илүү олноор ажиллах ёстой юм.
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофф:
-Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Энэ том бүтээн байгуулалтад олон мянган монголчуудаас гадна маш олон канад хүмүүс хувь нэмрээ оруулсан. Мөн Канад улсын экспортыг дэмжих агентлагаас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад тэрбум канад ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан нь Монгол Улсын эдийн засагт том хувь нэмрээ оруулсан байх аа. Би төслийн бүтээн байгуулалт хийгдэж буй газарт хэд хэдэн удаа очсон. Энэ бол үнэхээр дэлхийн хэмжээний маш том, маш чухал бүтээн байгуулалт болсныг онцолж хэлье. Монгол Улс энэхүү төслөөс маш их үр өгөөж хүртэх болно.
Эдийн засгийн хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатар:
-2028 оноос 2036 оны хооронд цэвэр зэсээр тооцвол 500 мянган тонныг гаргахаар байгаа. Тэр хэрээр Монголд орж ирэх татварын орлого нэмэгдэнэ. Эрдэнэт, Оюутолгой хоёр нийлээд жилд 2.2 их наядын татвар төлдөг. Эрдэнэс Тавантолгой нүүрсээрээ 1 их наядыг төлдөг. Манай улс зэсийн орд байх боломж ихтэй. Дэлхийн хөгжил цахим эдийн засгийг хөгжүүлж эхэллээ. Цахилгаан машин ч ихээр үйлдвэрлэж байгаа.
Тэгэхээр Монгол Улс дэлхийд том тоглогч болох юм. Бид зэсийн эцсийн бүтээгдэхүүн хийх, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах санамж бичгийг зурлаа. Тус үйлдвэрийг ойрын хугацаанд байгуулна. Цэвэр зэсээр хийгдсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсноор Монгол Улсын эдийн засагт маш том ахиц дэвшил авчрахаас гадна олон залуус ажлын байртай болох юм. Гүний уурхайг ажиллаж эхэлнэ гэж тооцсон учраас 2023 оны эдийн засагт тэгтлээ их нөлөөлөхгүй. 2024 оноос үр ашгаа өгөөд эхэлнэ.
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан:
-Бүтээн байгуулалт, уул уурхайн хөгжлийн хувьд түүхэнд тэмдэглэх өдөр яах аргагүй тохиож байна. Технологийн хувьд эргэж буцах зүйл байхгүй, үндсэн баялгаа олборлоод цаашаа явна гэсэн үг. 2028 оноос эхлээд ДНБ-ийг 2-3 дахин нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг болох төсөл. Төсөвт төвлөрүүлэх хөрөнгө нь ч 2-3 дахин нэмэгдэнэ. Эдийн засаг, нийгмийн талын маш олон ач холбогдол ойрын жилүүдэд гарна.
Оюутолгой жилдээ 200 сая ам.долларын эх оронч худалдан авалт хийдэг. 10-15 мянган ажлын байр бий болгож, дэлхийн стандартад нийцсэн туслан гүйцэтгэгч бэлтгэж байна. Мөн аюулгүй байдлын стандартаар дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэж байгаа ч уул уурхайн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг дэлхийн стандартаар бэлтгэж байна гэсэн үг. 10 мянга гаруй аж ахуйн нэгж буюу бэлтгэн нийлүүлэгчийг тооцвол хэдэн их наядын татвар төлж байна гэсэн үг. Монголын тал цахилгаан станцыг барьж, нийлүүлэх үүрэг хүлээсэн. Тун удахгүй ажил эхэлнэ.