Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийн талаар тодрууллаа.
-2019 оны Үндсэн чиглэл өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ. Мөрөөдлийн жагсаалтыг Үндсэн чиглэлд тусгадаг гэсэн шүүмжлэл их байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-2013 оноос хойш уруудсан эдийн засгийн уналтыг зогсоолоо. Ийм үйл явц 2017, 2018 онуудад үргэлжлээд явж байна. 2019 онд бид эдийн засгийн өсөлтийг бий болгох замаар ард иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулна. Монголчуудынхаа орлогыг нэмэгдүүлэх зарчмыг барьж Үндсэн чиглэлийг оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойш унасан эдийн засгийн хямралыг 2018 оноор цэг тавиад урагшаа явж байна. Өрийн дарамтыг гэтлээд гарч байгаа юм. Ингэхээр 2019 онд Монгол Улсад өсөлтийг хангах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
-Энэхүү зорилтыг хангаж ажиллахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ?
-Хамгийн гол чирж, хөдөлгөж явах гол хүчин зүйлс нь хувийн хэвшил гэж харж байгаа. Учир нь Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 1.4 сая хүн бий. Үүнээс төрийн алба 188 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Харин үлдсэн хэсгийг нь хувийн хэвшлийнхэн ажлын байраар хангаж байна. Цаашдаа хувийн хэвшлийг дэмжинэ. Дэмжихийн тулд өсч байгаа зээлийн хүүг буулгах юм. Мөн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах, хямралыг давах арга хэмжээний үр дүнд зээлийн хүү бууна. Одоогоор зарим арилжааны банкууд сарын 0.2 буюу жилийн 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж эхэллээ. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл амжилттай явагдаж байна. Тэгэхээр 2019 оныг Монгол Улсын хөгжлийг тэтгэх гол жил байх болов уу гэж харж байгаа. ОУВС-тай хамтраад хэрэгжүүлж байгаа хөнгөлттэй зээлүүдийг бодитой зөв, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлийн ажлууд явагдаж байна. Мянганы сорилтын сан, Төв цэвэрлэх байгууламж, хил боомтуудыг цэгцлэх ажил болон жижиг дунд үйлдвэрийн зээл зэрэг олон асуудал давхар орж ирж байгаа. Уул уурхайгаас гадна бусад салбарыг дэмжихийн тулд татварын багц хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Засгийн газраас танилцуулсан. Үндсэн чиглэл энэ бодлоготой хэрхэн уялдах вэ?
-Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй, Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлдэг томоохон хөтөлбөртэй уялдуулсан бодлого юм. Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэдэг бодлогуудыг уялдуулж өгч байна гэсэн үг. Үндсэн чиглэлтэй нягт уялдаж байгаа.
-Дунд хугацаанд төсвийн тэнцлийг эерэг болгох зорилтыг хэрхэн тусгасан бэ?
-2019 оноос эхлээд төсвийн тэнцлийг эерэг болгочихож болохгүй байгаа юм. Учир нь 2013 оноос эдийн засаг хумигдаад агшчихсан. Дахиад төсвийн тэнцлээ нэмэх болгоно гээд явчихвал эдийн засгаа хумих гээд байна. Тэгэхээр эдийн засгаа тэлэх зорилгоор 2019 онд төсвийг алдагдалтай оруулж ирж байгаа. Гэхдээ төсвийн алдагдлыг өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхгүй байхаар бодож хийсэн. Гадны хүү багатай хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр болон тусламжийг ашиглана. Ингэж үзэж төсвийн алдагдлыг тооцсон. Хасах 2.1 их наядын алдагдал эдийн засагт сөрөг үр дагавар авчрахгүй. Арилжааны банкнуудаас зээл авахгүй. Арилжааны банкнаас зээл авахаар хувийн хэвшлийг түлхэж гаргадаг. Тэгвэл ийм зүйл болохгүй.
-Төсвийн алдагдлыг бууруулахад өөр ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байгаа. Алдагдлыг шууд тэглэсэн бодлого баримталж болохгүй. Төсвийн алдагдлыг бууруулах талаар тооцоолж байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн турш агшсан эдийн засгийг тэлэх шаардлагатай. Өнгөрсөн жилээс аж ахуйн нэгжүүд идэвхжиж, үйл ажиллагаа нь сэргэх хандлагатай байна. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Орлогыг шахаж, тооцож оруулж байгаа. Зэс, нүүрс, алтны үнийг өндөр тооцож оруулсан.