Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилийн дотор хүнсний гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангаж, улмаар бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилгоор “Хүнсний хувьсгал” өрнүүлж байгаа.
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолд заасны дагуу дээрх жагсаалтыг гаргасан байна.
Жагсаалтад нэмүү өртөг шингэсэн нэхмэл, арьс шир, ноос, ноолуур, сүлжмэл, оёмол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, ундаа, давс, мах, хиам, хүнсний ногоо, гурил, талх, нарийн боов, ургамлын тос, сав, баглаа, боодол, хаяг шошго, тавилга, модон эдлэл үйлдвэрлэх, боловсруулах болон шувуу, зөгийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд багтжээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 3-5 жилийн хугацаатай, жилийн 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөг хүртэлх хөнгөлттэй зээл олгохоор болсон.
Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөөд байна.
Зөвхөн энэ жил гэхэд л улсын төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм.
Цаашид дотоодын зах зээлээ хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэхээр төлөвлөж байна.
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ, ТУХАЙН ҮЙЛДВЭРИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨӨР БҮРТГЭГДЭХ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ