Цар тахлын хүнд цаг үеийн дараа маш хурдан хариу үйлдэл хийж, эдийн засгаа сэргээж чадсан таван улсын нэг нь Монгол Улс болж буй сайхан мэдээг уншигч танд дуулгая. Тухайлбал, Монгол Улс цар тахлын дараах эдийн засгаа маш хурдан сэргээж чадсан 10 орны хоёрдугаарт жагсаж байсан мэдээг бид өмнө нь дуулгасан билээ. Тодруулбал, 2020 онд -5 руу унаад байсан эдийн засагт хариу үйлдлээ зөв үзүүлж чадсанаар +4.6 болж нэмэгдсэн билээ.
Хөгжил дэвшил өндөр улс орнууд ч цар тахлын дараах эдийн засгийн уналтын шокноосоо гарч чадаагүй байгаа. Харин Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” буюу зууныг эхлүүлэх зургаан бодлого ийнхүү бодит үр дүн өгч эдийн засгаа эргээд хэвийн байдалд оруулж чаджээ.
Тухайлбал, 2022-2023 онд -4.3 хувиар агшсан байсан эдийн засаг +4.8 хувь болж сэргэлээ. Валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар болж, ханш бүрэн тогтворжсон. "Эрдэнэс Тавантолгой"-д тогтоосон онц дэглэм валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав. Оюутолгой гүний уурхайн ажлаа эхлүүлэв. Үүнийг дагаад 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас дөрөв тэрбум ам.долларын захиалгыг ирүүлж, Чингис бондыг эргэн бүрэн төлж, Самурай бондын өрөө төлж дуусахад бэлэн болжээ. Мөн Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалжээ.
2021 онд Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш гарсан эдийн засгийн сэргэлт буюу бодит үр дүнг уншигч танд тоймлон хүргэе.
Тодруулбал,
-2021 онд ДНБ-ий хэмжээ 43.5 их наяд байсан бол 2022 онд 52.8 их наяд болж нэмэгдлээ
-Экспортын орлого 9.2 тэрбумаар хэмжигдэж байсан бол 12.5 тэрбумаар өссөн
-Цар тахлын улмаас 2021 онд дөнгөж 16.1 сая тонн нүүрс хилээр гаргаж байсныг боомтын сэргэлтийн хүрээнд эрчимжүүлж 31.8 сая тоннд хүргэсэн
-Төсвийн орлого тасалдаж, 14.2 их наядаар хэмжигдэж байсан бол 2022 онд энэ тоо 18.6 их наядад хүрчээ.
Үүнээс гадна Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй тэмцсэн үр дүн амжилтад хүрч -679.4 тэрбумын алдагдалтай, дампуурахад ойрхон байсан банкны эргэн төлөлт сайжирч, +88.6 тэрбумын ашигтай ажиллаж, дампуурлаас бүрэн гарч чаджээ.
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд эдийн засгийн энэхүү тоон мэдээг танилцуулахаас гадна бид дахин дефолт зарлах нөхцөл байдал руу явахгүй гэсэн сайн мэдээг ч мөн дуулгав.
Тэрбээр, “Өнгөрсөн оны есдүгээр сард 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Тухайн үед тодорхойгүй нөхцөл байдал их байсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авснаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, дефолт зарлахгүйгээр давлаа.
Ирэх тавдугаар сарын 1-нд Монгол Улс Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулах ажлаа хангасан. Энэ нь Гэрэгэ бондын үлдэгдэл юм. Энэхүү өрийг барагдуулах арга хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн. Ингээд 1 тэрбум 650 сая ам.долларын өрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн хугацаанд төлж барагдууллаа” хэмээн онцолсон юм. Угтаа, цар тахлын гурван жилд дефолт зарлах хэмжээнд дансаа улайлгаж, сэхээнд байсан эдийн засаг ийнхүү 2022 оны байдлаар энгийн тасагт шилжиж, энэ онд харин эмнэлгээс гарч, бүрэн “эдгэрэх” нь тодорхой болов.