ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ эриний шинэ ажил мэргэжлүүд

O.Admin
2023-05-15

Шинжлэх ухаан, технологийн салбар дэлхий дахинд эрчимтэй хөгжиж, энэхүү салбарт ажилд орохыг хүссэн залуучуудын дараалал их болсон билээ. Гэвч хүмүүсийн завгүй амьдралын хэмнэл, уул уурхай, техник технологи зэрэг олон хүчин шалтгааны улмаас дэлхий ертөнцийг чиг хандлага зарим талаар өөрчлөгдөж, шинэ сонирхолтой ажлын байрууд бий болсоор байна.  Энэ талаар Хятадын ChinaDaily сонин Хятадад сүүлийн үед шинээр бий болсон ажлын байр болон ажилчдын талаар сурвалжилсаныг орчуулан хүргэж байна.

“Гэрийн тогооч”-ийн ажил

Цао Жиангнан бол Хятадын Жианши мужаас Шанхай хотод ирж амьдарч буй график дизайны мэргэжилтэй залуу юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн хүмүүсийн гэрт очиж хоол хийж өгөх цагийн ажлыг санаачлан эхлүүлсэн нь цахим ертөнцөд олон нийтэд хүрч, түүний энэхүү үйлчилгээ их алдартай болсон. Энэ жил 26 настай Цао “Олон залуус өдөр бүр гаднаас хоол захиалах үйлчилгээнээс залхаж эхэлж байна. Тэд хааяа  нэг удаа ч гэсэн гэртээ хийсэн амттай хоол идэхийг хүсэх болсон. Энэ шинэ эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул шинэ мэргэжил улам бүр алдартай болж байна” хэмээн ярив.

Хятад нь өргөн уудам газар нутагтай учраас ихэнх залуучууд өөр аймаг, хотод ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажлын ачаалал, завгүй амьдралын хэмнэл нь өдөрт гурван удаа захиалгын хоол идэж өнгөрүүлэхэд хүргэдэг. Нөгөөтэйгүүр хүн амын нягтаршил, нэг жилд оногдох амралтын өдөр цөөхөн зэргээс шалтгаалан залуучууд төрсөн гэр, ээж аавдаа очиж чадахгүй олон жил болох тохиолдол элбэг байдаг нь залуучууд ганцаардах, гэр орон, гэр бүлээ санахаас гадна гэрийн амттай сайхан хоол идэх хүсэлтэй байдаг аж.

Шинэ эриний хүмүүсийн сонирхол, хэрэгцээ шаардлага нь Хятад дахь үйлчилгээний салбаруудад цоо шинэ ажил, мэргэжил бий болгоход нөлөөлжээ. Жишээлбэл, Хятад залуучуудын дунд алдартай  “room escape” төрлийн тоглоомын зохиол бичих зэрэг шинэ мэргэжлийг бий болгосон байна. Мөн эмнэлгийн туслах ажилтны мэргэжил нь сүүлийн үед хүмүүст эмчид үзүүлэх цаг авахад нь туслах, лабораторийн шинжилгээний хариуг нь авах зэрэг үйлчилгээтэй болжээ. Шинэ төрлийн мэргэжил рүү залуучууд их татагдаж буй шалтгаан нь эдгээр мэргэжлүүд тэдэнд ажиллах илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлж, дуртай зүйлээ хийх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олгохоос гадна хувийн үнэт зүйлүүдээ тууштай баримтлах зэрэг давуу байдлыг олгодог аж.

Цао анх удаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан тогооч нар хүмүүсийн гэрт хоол хийж байгааг өнгөрсөн жил мэдсэн. Үүнийг хоол хийх дуртай хүний хувьд чөлөөт цагаараа нэмэлт мөнгө олох, шинэ хүмүүстэй танилцах сайхан боломж гэж харан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Гэрийн тогооч” үйлчилгээний тухай анх удаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрээр энэхүү хоол хийж өгөх өвөрмөц үйлчилгээгээ зөвхөн амралтын өдрүүд болон бүхнийтийн амралтын өдрүүдэд үзүүлдэг аж. Мөн үйлчлүүлэгчид өөрсдийн сонгосон хоол болон шаардлагатай орцыг түүнд өгөх ёстой. Хоол хийх үйлчилгээний үнийн хувьд хоолны төрөл тооноос хамаараад өөр өөр байдаг. Тухайлбал, тэрээр дөрөв хүртэлх хоол хийхэд 88 юань буюу 12.76 ам.доллар, 10 орчим хоол хийхэд 168 юань авдаг. Харин аяга тавгаа угаалгах бол нэмж 20 юань төлөх шаардлагатай.

Мөн “Анх зараа нийтэлсэний дараа надтай холбогдох хүмүүсийн тоо намайг их гайхшруулсан. Тэд намайг мэргэжлийн тогооч биш гэдэгт дургүйцаагүй. Ер нь тэд сонирхогчийг илүүд үздэг. Учир нь тэд зүгээр л гэрт хийсэн энгийн хоол идэхийг хүсдэг” хэмээн Цао ярив. Тэр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр анхны үйлчлүүлэгчийнхээ гэрт зочилж, өдрийн хоолонд бор соустай гахайн мах, сармисны соустай сам хорхой, утсан загас зэрэг таван төрлийн хоол хийж өгчээ. Тэр хэлэхдээ “Гэр бүлийнхэн надад үнэхээр эелдэг байсан. Надад үнэхээр таалагдсан. Тэд намайг үйдийн хоолонд ч урьсан. Үнэндээ миний бүх үйлчлүүлэгчид надад эелдэг, боловсон, сайхан ханддаг. Тэд өөрсдөд нь маш тохирсон хоол хийх хүнийг олж чадсандаа баяртай байдаг” хэмээн нэмж хэлэв. Үүний дараа Цао өөрийн туршлагаасаа олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Захиалга өгөхөөс гадна олон хүн энэхүү шинэ содон ажлыг нь сонирхон, ажилд орох сонирхолтой байгаа талаараа түүнд хэлсэн байна.

Ихэвчлэн дунд насны эмэгтэйчүүд л хийдэг уламжлалт ахуйн үйлчилгээнээс ялгаатай нь одоо үед энэ төрлийн мэргэжлийг сонирхдог хүмүүсийн олонх нь залуучууд байдаг гэж Цао хэлэв. Үүнээс гадна түүний үйлчлүүлэгчид нь ихэвчлэн залуучууд, тэн дундаа ганцаараа амьдардаг залуу эмэгтэйчүүд  болон залуу хосууд байдаг аж.

Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь Шанхайд амьдардаг, мөн гэрээсээ хол байдаг. Тэд зүгээр л өөрсдөд нь хоол хийж өгөх хүнтэй болохыг хүсдэг. Энэ нь тэднийг тайвшруулж, гэртээ хайртай хүмүүстэйгээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг” хэмээн Цао онцлов.

Түүний хувьд хоол хийж байхдаа олон сониролтой хүмүүстэй уулздаг бөгөөд энэ нь олж буй нэмэлт орлогоос нь илүү чухал зүйл хэмээв. Харин аюулгүй байдлын асуудал бол түүний хувьд асуудал биш. Учир нь тэрээр өөрийн хоол өгдөг танихгүй хүмүүт итгэхийг сонгодог. Үйлчлүүлэгчид ч түүнийг гэртээ урин хоол хийлгэхэд хангалттай найдвартай гэж үздэг байна. Цао хэлэхдээ, “Олон залуус гэрийн тогоочин үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Учир нь энэ эрэлт хэрэгцээ их байгаа. Хятадын иргэдийн амьжиргааны түвшин үргэлжлэн сайжирч байгаа тул ирээдүйд илүү олон шинэ мэргэжил бий болж магадгүй” хэмээв.

2022 оны есдүгээр сард Хятад улс 2015 оноос хойш хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлүүдийн жагсаалтдаа 158 шинэ мэргэжлийг нэмж, тус улсын шинэчилсэн жагсаалтад орсон нийт мэргэжлийн тоо 1639 болгосон гэж Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.

Иргэдийн амьдралын түвшин тасралтгүй дээшилсний ачаар тэдний хэрэглээг сайжруулах хэрэгцээний тулд үүссэн хувцасны шүүгээ зохион байгуулагч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгч, амьсгалын замын эмч, ахмад настны чадавхийг үнэлэгч зэрэг олон шинэ мэргэжлийг сүүлийн жилүүдэд яам хүлээн зөвшөөрч, бүртгэсэн.

Гэрийн тэжээвэр амьтдын салбарт ажиллах нь

Бас нэгэн шинэ мэргэжил бий болсон нь Хятад улсад гэрийн тэжээвэр амьтны тоо өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Хятадад гэрийн тэжээвэр амьтантай хэрэглэгчийн тоо нэмэгдсэнээр тус улсын тэжээвэр амьтан үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байна. 2021 оны Хятадын тэжээвэр амьтдын хэрэглээний цагаан номд дурдсанаар 2015-2023 онд гэрийн тэжээвэр амьтдын хэрэглээ 72.5 тэрбум юань буюу 10.51 тэрбум доллараас 445.6 тэрбум юань болж өсөх төлөвтэй байгаа аж. Мөн үүнтэй холбогдуулан  Хятадын зах зээлийн судалгааны “iResearch Consulting Group”-ийн тооцоолсноор гэрийн тэжээвэр амьтан үйлдвэрлэлийн салбартай холбоотой шинэ мэргэжлүүд гарч ирсэн бөгөөд түүний нэг нь мал эмнэлгийн тураах зөвлөгч эмч юм.

Е Пижин Шанхай дахь мал эмнэлгийн төвд малын физик эмчилгээний эмчээр ажилладаг. Тэрээр мөн мал эмнэлгийн тураах дасгалжуулагч юм.Учир нь тэрээр нохойг жингээ хасахад сайн тусалдаг бөгөөд энэхүү үйлчилгээ Хятадад өдрөө өдөрт  нэмэгдэж буй нохойтой хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадна гэж үзэж байгаа аж.

“Хятад улсын иргэд гэрийн тэжээмэл амьтдаа гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үздэг төдийгүй тэднийг эрүүл, урт наслуулахыг хүсдэг. Хүмүүсийн нэгэн адил гэрийн тэжээвэр амьтдын жин нэмэгдэх нь тэдний үе мөчинд ачаалал өгөх  зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд Хятадад гэрийн тэжээвэр амьтдын жин хасах хөтөлбөр түгээмэл болсон" гэж Е хэлэв.

Мөн тэрээр “Шанхай хотын мал эмнэлэг дэх нохой бүр жингээ хасах хөтөлбөртэй. Нохойн булчингаа илүү ашиглахад нь туслахын тулд тэнцвэрийн самбар гэх мэт янз бүрийн хэрэгслийг ашигладаг. Ихэнх нохойнууд хөтөлбөрийн эхний хичээлийн дараа хурдан унтдаг. Учир нь энэхүү дасгал  нь бие махбодийн хувьд маш их ачаалалтай байдаг" гэж ярив.

Нэгэн үйлчлүүлэгч зургаан настай нохойдоо үе мөчний хагалгааны дараа жингийг нь хасахын тулд Бээжингээс зорьж иржээ. Түүний нохой нэг сарын турш бэлтгэл хийсний дараа 1.2 кг жин хасч, хойд хөлнийх нь булчингууд хүчтэй болсон байна.

Мөн бас нэгэн нохой жингээ хасах хөтөлбөр эхлэхэд 62.5 кг жинтэй байсан бөгөөд таргалалтаасаа болж эрүүл мэндийн асуудал үүсч эхэлсэн байжээ. Харин одоо 47.6 кг жинтэй, илүү идэвхтэй болсон хэмээн Е Пижин тайлбарлав.

Энэ мэтчилэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын нөлөөгөөр шинэ,сонин ажил, мэргэжлүүд бий болсоор байна.

Эх сурвалж: ChinaDaily

Н.Батзаяа