ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Харандаа, баллууртай зууралдсан боловсролын салбар

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-16

Боловсролын салбар шинэчлэгдэж, өөрчлөгдөж байна, өдөр бүхэн бид шинийг санаачилж байна хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгддэг. Сошиал хуудсанд нь бичиж буй түүний мэдээллийг харвал энэ салбарт хэдийнэ итгэлийн оч гэрэлтэж, буруу булхай бүхэн нь алга болчихсон гэж итгэмээр.

Гэвч сайдын сошиалын мэдэгдэл зөвхөн цахимдаа л алаад буй ч салбарынх нь бодлого харин бахь байдгаараа хуучинтайгаа зууралдсан, жонхуурсан хэвээр байгаа нь харамсалтай. Үүнийг олон зүйлээр нотолж болох ч ойрын өдрүүдэд өрнөж буй ганцхан жишээ хангалттай хэлээд өгчих биз. Ойрын үед боловсролын салбарын ахиц дэвшил, тэр тусмаа ковид цар тахлын дараа хичээл хоцрогдол ямар байгааг үнэлэхээр шийдэж Боловсролын үнэлгээний төвөөс үнэлгээний шалгалт авахаар болжээ. Ингэхдээ анги бүрээс санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгох бөгөөд шалгалт авахын хажуугаар асуулга зохион байгуулахаар шийдсэн байгаа юм.

Ингээд хэдэн өдөр сүр болгож зарласан өнөөх шалгалтаа хоёр хоногийн өмнөөс зарлахдаа тусгайлсан баллуур, харандаа хэрэглэх ёстой гэсэн шаардлагыг багш нарт тавьжээ. Аймаг бүрийн Боловсролын газраас нэг мэргэжилтэн сумдад томилогдон очиж, “Хэн ч сонгогдож магадгүй учраас В2 баллуур, харандаа бүх хүүхдэд бэлтгүүл. Тэр харандаагаар л бөглөхгүй бол үнэлгээний хуудсыг машин танихгүй. Тэр баллуураар л арилгахгүй бол үнэлгээний хуудас хүчингүй болно” хэмээн хөмсөг зангидан даналзаж, анги дэвших, төгсөх шалгалт, жилийн эцсийн тайлан бланстайгаа зууралдаж буй багш нарт нэг ажил нэмэх нь тэр.

Эцэг эхчүүдэд багш нар нь хэл хүргэснээр улсын хэмжээнд В2 харандаа, баллуурын эрэлд хатав. Хотын төвд бол гурав алхаад хэдэн арваар нь олчихож болно. Гэтэл хөдөөгийн сумдад тэр баллуур, харандаа нь нүдний гэм учраас аргаа барсан эцэг эхчүүд аймаг, сум дамжин эрэл сурал болцгоов. Зарим нь хот хүрээ рүү захиж эхлэв.

Боловсролын үнэлгээний төвийн энэ дампуурал бичиг хэргийн бизнес эрхлэгчдэд ч сайхан далим болсон нь тодорхой. Энгийн цагт 300 төгрөгөөр зарагддаг харандаа энэ өдрүүдэд 1500 төгрөгт хүрч шаглагдав. Нэмээд “Багц харандаатай хамт 8000 төгрөгөөр зарна. Авахгүй бол нэг ширхэгээр нь өгөхгүй” хэмээн тэд пээдийжээ. Аргаа барсан эцэг эхчүүд “Миний хүүхэд сонгогдоод үнэлгээний шалгалтад 0 оноо авчих вий” хэмээн айхдаа худалдагчийн хэлсэн үнээр авах гэж бүтэн өдөржин очерлосон жишээ ч сошиал орчинд яригдаж байна.

Хамгийн хоржоонтой нь улс даяар ийнхүү сандрал үймээн үүсгэж, эцэг эхчүүд болгонд үүрэг өгчихөөд тэр олон хүүхдээс дөнгөж 5-10-д нь баллуур, харандааны хэрэг гарч байх жишээний. Хэний хүүхэд сонгогдох нь мэдэхгүй нөхцөл байдалтай шалгалтын өглөө хүргэж буй жишээ ч олон байлаа. Шалгалтын өглөө буюу өнөөдөр өглөө зарим сургуулийн хүүхдүүдийн нэр нь тодорч байх жишээтэй. Цаана нь хэчнээн тооны эцэг эх шал дэмий В2 харандаа, баллуурын эрэлд гарсан бол гэж бодохоор энэ салбарын дампуурлыг хангалттай хэлээд өгчихөж байгаа юм. Хамгийн хоржоонтой нь бүтэн хоёр хоног В2-ын эрэлд хатсан эцэг эхчүүдийн хичээл зүтгэл өнөөдөр өглөө шал хэрэггүй болчихов.

Учир нь Боловсролын үнэлгээний төвөөс “Шалгалтад оролцогч та хүссэн балын харандаагаа хэрэглэж болно” хэмээсэн гайхамшигтай шийдвэр гаргах нь тэр. Үнэхээр гайхамшигтай байгаа биз. Жинхэнэ утгаараа энэ бол доройтол, хүнд суртлын бодит жишээ. Боловсролын салбар хүнд суртлаасаа салаагүй, баллуур, харандаатай зууралдсаар байгааг энэ жишээ хэлээд өгнө.

Асуудал үүгээр дуусахгүй ээ. ЕБС-ийн суралцагчдын үнэлгээнээс гадна энд багшийг үнэлэх үнэлгээний асуулга мөн багтжээ. Ингэхдээ тухайн шалгалтад сонгогдсон хүүхэд заавал эцэг, эхтэйгээ очих ёстой болж таарав. Учир нь таны хүүхэд үнэлгээний шалгалтад тэнцсэн бол та хүүхэдтэйгээ хамт асуулга өгнө. Бүр заавал өгөх ёстой хэмээн тулган шаарджээ. Энд дахиад л асуудал дэгдэв. Мэдээж хотын сургуулийн эцэг эхчүүд хүүхэд нь сонгогдвол ажлаасаа чөлөө гуйгаад сандарч мэгдэн давхиад очиж болно. Эс бөгөөс өглөө нэрийг нь сугалсан бол үдээс хойш хэн нэг нь ажлаа таслаад, хаяад хүүхдийнхээ төлөө асуулгад оролцож болно. Гэтэл хөдөө сумын сургуульд дотуур байрны хүүхэд сонгогдвол хэрхэх вэ, Боловсролын сайд аа.

Хэдэн зуун км-ын цаана мал хариулж яваа аав, ээжийг нь тууж, хөөж авчрах хэрэг үү. Эсвэл асран хамгаалж буйн хувиар байрын багш нь тэрхүү асуулгад хариулах хэрэг үү. Яагаад энэ мэт дампуурсан системээ өөрчилж болдоггүй хэрэг вэ. Гэхдээ тун “гоё” арга бодож олсон нь эцэг эх асуулгад оролцохын тулд өөрийн биеэр ирэх шаардлагагүй гэх. Ухаалаг утсаар нь код очиж, түүгээр нэвтрээд асуулгад хариулна. Гэвч нийслэл хот байтугай хөдөө суманд ч ухаалаг утасгүй, утасны сүлжээгүй газар мянга түм бий.

Тэр бүхний хүүхэд сонгогдвол “Чи гарч бай. Ухаалаг утастай, утасны сүлжээтэй газрын аав ээжтэй хүүхэд шалгалтад ор” гэх бололтойдог. Бас түмний үрсийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж, авдаг цалингаасаа 3 дахин их ажил хийж буй нийт багш нарын ажлыг нэг ангиас сугалсан 5-6 хүүхдийн шалгалт, тэдний эцэг эхийн асуулгаар хэмжиж болно гэсэн ухаан та нарын толгойд орж ирсэн гэхээр л гайхмаар, бас цухалдмаар. Монголын боловсролын салбарын бодит үнэн, ажлаа хэрхэн хийдгийг ердөө энэ хоёр "далий", гэнэн тэнэг шийдвэр харуулчихаж байна. Эрхэм сайдтан нь сошиалдаа хэчнээн гоё сайхныг бичээд ч салбар нь өнөөх л цаастайгаа зууралдсан, баллууртай ноцолдсон хэвээр буйг бид харлаа. Олигтой цалингүй атлаа бичиг хэрэг, тайлангийнхаа араас өндийж чадахгүй байгаа багш нарыгаа тэд зүйл бүрээр “яргалж”, тамалсан хэвээр буйг ч харлаа. Энэ салбар хөгжих болоогүй юм байна.