Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцжээ. Тэр дундаа баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхэ боомтын чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажил юм. Барилга барих, суурь бүтцийг байгуулах тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон бөгөөд бүтээн байгуулалтын ажил энэ сард эхэлнэ гэдгийг Зам тээврийн сайд С.Бямбацогт онцоллоо.
Тэрбээр, энэ талаар мэдээлэхдээ "Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Нарийнсухайтын бүлэг ордоос экспортод гаргаж буй нүүрсийг нарийн царигтай төмөр замаар дамжуулж, БНХАУ руу гаргана. Бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сардаа багтааж эхлүүлнэ. Энэ оны аравдугаар сардаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
Гол төмөр замын урт нь долоон км, салбар төмөр зам нь 20 орчим км болно. Нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Хувийн хэвшлийн компаниуд хийж, хэрэгжүүлнэ. Тэд нийтдээ зургаан жилийн хугацаанд "Монголын төмөр зам" буюу ТӨК-д 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.
Мөн зүүн босоо төмөр зам буюу 1250 км нь Шивээхүрэн, Нарийнсухайт, Арцсуурь чиглэлд компанийн сонгон шалгаруулалт болсон. Ирэх зургадугаар сард багтаагаад концессын гэрээгээ хийж, дуусгана. Барилга, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмодны мухар төмөр зам гэж яриад байгаа. Мухар төмөр замын холболтыг барьж байгуулах ТЭЗҮ-г шийдэх сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын төмөр зам төслийн хоёрдугаар товчоо тэнцсэн" гэж мэдэгдлээ.
Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг ирэх зургадугаар сард хийхээр болжээ. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтууд хийгдсэнээр мухар замууд мухардлаас гарахаас гадна зүүн, баруун, босоо төмөр замуудыг барьж хойд, урд хөрш, Ази-Европыг холбосон төмөр замын коридоруудаа нэмэх ач холбогдолтой билээ.