Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байна.
Ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж буй бөгөөд тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж их байхыг “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов. “Админерал” ХХК нь тус үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулж, барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.
Тус үйлдвэр нь 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана хэлэхдээ “Тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 150 хүн шууд ажлын байраар хангагдана. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтай” гэв.
Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл байх бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байна.