ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШҮҮХ: Банкууд ипотекийн зээлийн шимтгэлд 1 хувийг авч байсан нь хууль бус байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-13

Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж буйгаа ШӨХТГ-аас мэдэгдсэн билээ. 

Улмаар,2022 оны наймдугаар сард есөн банкны хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байдаг. Мөн нэр бүхий есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн ч дээрх арилжааны банкууд ШӨХТГ-ын гаргасан уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан билээ.

Бүтэн жил орчим сунжирсан уг шүүх хурал өнөөдөр давж заалдах шатны шүүхээр эцсийн шийдвэрээ гаргаж, ипотекийн зээлийн шимтгэл буюу 1 хувь нь үндэслэлгүй буюу хууль зөрчсөн гэсэн ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсны хэмээн үзжээ. Ингэснээр иргэд банкнаас 1 хувиа буцааж нэхэх боломж бүрдэж байгаа ч эдгээр банкууд уг шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандах магадлал өндөр юм.

Энэ талаар ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлыг аваад удаагүй байгаа Н.Мандуул "Ипотекийн зээл шимтгэл 1 хувь үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа. н.Батхүү, н.Ялалт, н.Цэнгэл, н.Чинбат өмгөөлөгч нартаа баярлалаа. Хоёр цагийн турш банкуудтай мэтгэлцсэн. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр" хэмээжээ.