ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлээс үнэт цаас гаргаж, арилжаалахыг намын бүлгүүд дэмжжээ

O.Admin
2023-06-22

Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн шинэчлэлээр бонд гаргаж, арилжаалах, хот өөрөө эдийн засгийн эх үүсвэртэй болох боломж бий болсон. Нийслэлийн бондыг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргахаар төлөвлөж байгаа аж.

Төсөл танилцуулагчийн зүгээс "Бонд гаргаснаар нийслэлийн төсвийн харилцаанд маш том өөрчлөлт авчирна гэж харж байгаа бөгөөд бондын хугацаа, хүү, эргэн төлөлт, хөрөнгө татан төвлөрүүлэх асуудлаар Сангийн яамтай хамтран ажиллана гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хуулиараа улсын өрийн таазтай шууд хамаарах асуудал учраас төрийн байгууллагуудын хяналт дор Засгийн газар шийдвэрлэнэ. Бондоор санхүүжүүлэх төслийн хувьд Багануур дүүргийн үйлдвэр технологи, Налайх дүүргийн барилгын материал, Эмээлтийн аж үйлдвэрийн парк гэсэн гурван паркийг 50 тэрбумаар төсөвлөж, эхний ээлжид ТЭЗҮ-г бэлдээд байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Шинэ Улаанбаатар баруун терминал, Улаанбаатар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, их багтаамжтай авто зогсоол, такси үйлчилгээг хөгжүүлэх төсөл, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 2,6 их наяд төгрөгийн Хөгжлийн корпорацын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолж байна” гэж онцолсон юм.

 

Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд зарчмын хувьд асуудлыг дэмжсэн санал дүгнэлт танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн аж.