ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерийн хамгаалалтын далан шинээр барьж, ус хуримтлуулах сан байгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-22

Нийслэлийн ИТХ-ын тогтоол, Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн Газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулжээ.

 

“Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын нэгдсэн өндөржилтийн зураглал, Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн арга хэмжээний төлөвлөгөө, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан гэдгийг Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга тодотголоо. Төлөвлөлт Улаанбаатар хотын суурьшлын 35,200 га нутаг дэвсгэр болон зуслангийн бүс, дагуул хотуудын суурьшлын бүс зэргээр нийт 89,475 га нутаг дэсвгэрийг хамрах аж.

 

Уг төлөвлөгөөг боловсруулснаар үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, улмаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болох юм.

 

2021 оны байдлаар Улаанбаатар хотод 51,6 километр урттай голуудын үерийн хамгаалалтын далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангууд хуучирч, эрэгийн бэхэлгээнүүд эвдэрч гэмтжээ. Иймд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн суурьшил нягт хэсэгт, Туул голын хойд эргийн үерийн хамгаалалтын даланг өндөрлөж тохижилт хийх юм. Мөн үерийн эрсдэлээс хамгаалах урсцыг нөхөн сэргээхийн тулд үерийн ус хуримтлуулах санг Сэлбэ болон Улиастай голууд дээр байгуулснаар сууршлын бүсийг үерт автахаас хамгаалж, хур бороо багатай үед голын урсцыг тэтгэх боломж бүрдэх аж. Ус хуримтлуулах талбай орчмыг тохижуулж амарч, зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Туул голын 5 байршилд 13 км, Сэлбэ голын дагуу 10 км, Улиастай голын дагуу 9 км урт үерийн хамгаалалтын далан шинээр барих зэрэг хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг төсөл танилцуулагчийн зүгээс онцолж,  төлөөлөгчид дэмжин хэлэлцлээ.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани болно

 

Хуралдаанаар "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулах саналыг хэлэлцлээ.

Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 онд батлагдаж, 8-р сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 13-р зүйлд Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанийн хэлбэртэй байна гэсэн заалт орсон. Иймд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь орон нутгийн хаалттай хувьцаат компани байхаар дүрмийн төслийг боловсруулж, танилцууллаа. Дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.  Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  9 гишүүнтэй байх бөгөөд 3 нь хараат бус гишүүн байх юм. Уг газрыг “ХХК” болгосноор эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давуу талтай юм. Цаашлаад үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох, төсвөөс хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулж, орлого олох, төсөвт орлого төвлөрүүлж, төсвийн дарамтыг бууруулна гэдгийг онцолсон юм.

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжлээ.