ОХУ-ын "Роснефть" компанийн Ангарскийн үйлдвэр энэ жил төлөвлөгөөт засварын ажлаа сар гаруйн хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд 15 хоногт нь тус үйлдвэр үндсэндээ зогсонги байдалд орно гэсэн үг. Засварын хугацаа нь монголчуудын ид амралт, найр наадмын үетэй давхцаж буй учраас шатахуун тэр үед тасалдана, үнэ нэмэгдэнэ гэх асуудал сошиал орчинд гараад байв.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” компанийн удирдлагатай уулзаж шатахууны тээвэрлэлтийг нэмэхээс гадна, өмнөх дутуугаа авах, тэр ч байтугай ирэх жилүүдэд хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар ойлголцолд хүрсэн бөгөөд зуны засварын хугацаанд өөр эх үүсвэрээс тээвэрлэлтийг хэвийн явуулах, засвараас өмнө нөөц бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Хэрвээ тасалдал үүсвэл энэ нь төрийн бус зарим нэг импортлогч компаниас болох эрсдэл байгааг мөн Зам тээврийн сайд С.Бямбацогт сануулсан байна. Тэрбээр, “Шатахууны тасалдал төмөр замаас шалтгаалахгүй. Нийлүүлэлт дээр манай импортлогч компаниуд, тэр дундаа хуурамч шатахуун оруулж ирсэн гэж яригдаж байгаа компаниудын 360 вагон суллагдахгүй, борлуулалт байхгүй түгжээ болоод байж байна.
Вагон суларч байж дараагийн шатахуун импортлогдох ёстой ч зарим компаниудын хариуцлагагүй байдлаас шалтгаалан тээвэрлэлт саатах эрсдэл бий” гэжээ. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт зогсохгүй бөгөөд тээвэрлэлт түр хугацаагаар зогссон ч нөөц сайн бүрдүүлснээр даван туулах, эс бөгөөс өөр эх үүсвэрээс Монголын тал руу нийлүүлэх гарц хувилбарыг ярилцжээ.