ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрсний салбарынхан маргааш чуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-03

“Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор болж буй “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болох юм байна.

Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр уг чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө найм дахь жилдээ болж байгаа юм.

Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортолж эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байгаа юм. түүнчлэн шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэлжээ. Нүүрсний салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байгаа учраас энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг  онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж буйгаараа онцлог аж.

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар “Монгол нүүрс Ассоциаци” болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани “Fenwei Energy Information Services Co.,Ltd” (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байгаа аж. Энэ жилийн чуулганд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, болон нүүрс олборлолт тээвэрлэлтийн компани, худалдаа тээвэр ложистикийн компаниуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.