Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Тайширын усан цахилгаан станцын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий өөрөө нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү явж байна. Монгол Улсын хувьд ч 2030 оноос цааш энэ нөхцөл байдалтай тулгарах учраас бэлэн байдлаа хангах ёстой. Хүмүүс санаж буй бол Бээжингийн олимпоор миний хувьд БНХАУ-д айлчлахдаа Монгол Улс эрчим хүч экспортлох боломж байгаа эсэх талаар Засгийн газартай судалгааны ажил эхлүүлсэн.
Нэг үгээр хэлбэл, дотоодод эрчим хүчээ хангахаас гадна эдийн засгийн тэргүүлэх шинэ эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр байж болох нь ээ. Говь-Алтай аймаг ногоон эрчим хүчээр аймгийнхаа хэрэглээг хангаж буй анхны аймаг болж байна. Салхины урсгал, нартай байх өдөр, усан цахилгаан станц буюу хосолмол боломжийг бий болгох төсөл гэж ойлгож болно.
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн ТЭЗҮ боловсруулах багтай хамт орон нутагт ажиллаж байна. Хөдөөгийн сэргэлтийн эхлэл гэж ойлгож болно. Цаашдаа баруун бүс нутаг сэргээгдэх эрчим хүчний бүс нутаг болох боломжтой. Говь-Алтай аймагт өнөөдөр ашиглалтад орсон “Сэрвэн” нарны цахилгаан станц, Тайширын УЦС дээр Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэгцээд баригдвал манай улс эрчим хүчний салбарт том алхалт хийнэ. Эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл хийнэ. Энэ алхам хол биш байна.
Тайшир бол Завхан голыг боож хиймэл нуур үүсгэж, түүнийгээ ашиглан гурван хөдөлгүүр эргэж 10 МВт-ын станц. Монголд байгаа хамгийн том гэж хэлж болно. Нэг аймгийн хэрэглээг дангаараа хангана гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Ирэх оны эхээр юм уу энэ оны төгсгөлд гэрээ зурагдчихна. Мөн хэд хэдэн газар усан цахилгаан станц баригдахаар яригдсан” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нартай үед нарны цахилгаан станцаа ажиллуулаад Тайширын усан цахилгаан станцын усыг нөөцөлнө. Нар орсны дараа Тайширын усан цахилгаан станц ажиллана. Ингэж нэгийгээ нөхөх нар, салхи, усан цахилгаан станц Говь-Алтай аймагт бүрдээд байгаа учраас Алтай, Улиастай эрчим хүчний систем дээр энэ төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулж байна” хэмээв.
Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлт бий болгожээ.