ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Хүрэлбаатар: Нүүрснээс гадна жонш, хүдэрийг биржээр борлуулна

O.Admin
2023-09-06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар саналаа хэлэлцүүлж, дэмжлэг авсан талаараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 3 тэрбум 933 сая ам.долларын нөөцтэй байгаа бөгөөд өнгөрсөн сартай харьцуулахад 106 сая ам.доллароор нэмэгдсэн нь цаашдаа төгрөгийн ханш тогтвортой байх нөхцлийг баталгаажуулж өгчээ. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “2023 онд эдийн засгийн бодлогыг төлөвлөхдөө цар тахлын өмнөх үетэй дүйцэхүйц хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөсөн. Найман сарын байдлаар Монгол Улсаас гарч буй нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор, зэсийн баяжмалын хэмжээ ч мөн 35 мянган тонноор өслөө.

Валютын нөөц нэмэгдэхэд энэ хоёр бүтээгдэхүүний өсөлтөөс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж байгаа нь хувь нэмрээ орууллаа. Гэсэн ч цаашдаа анхаарах зүйл олон байна. Ил тод байдлыг улам нэмэгдүүлэх ёстой учраас биржээр цаашдаа жонш, төмрийн хүдэр борлуулахаар шийдэж, бэлтгэл ажлыг хангаж дууслаа. Есдүгээр сардаа багтаад борлуулалтыг эхлүүлнэ. Мөн мөнгө, зэсийг ч биржээр зарах бэлтгэл ажлыг эхлүүлнэ” гэлээ. Биржээр борлогдож буй бүтээгдэхүүнийг хилээр гаргах тусгай гарц байгуулах шаардлага мөн үүссэн бөгөөд тусгай гарц байгуулах ажлыг Боомт хариуцсан сайд Б.Тулгад даалгажээ. Монгол Улс биржээр нүүрсээ борлуулж эхэлснээс хойш 500 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд энэ мөнгө өмнө нь ил далд хэлбэрээр явж, хэн нэгний халаас руу орж байсан гэдгийг мөн Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо.

Цаашдаа эдгээр уул уурхайн бүтээгдэхүүнээ ил тод, нээлттэй хүнд сурталгүй борлуулж чадвал эдийн засагт өсөлт улам бүр гарч, хаалттай хаалганы цаадах хууль бус наймаа алга болно гэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт хэвийн, валютын нөөц тогтмол өссөн, төсвийн давж орж байна гэв.