“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар:
-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын Арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн. 2024 оны хоёрдугаар сард ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа, хөрс, усны бохирдлыг цэвэрлэх, тухайн орчинд нөхөн сэргээлт, дахин төлөвлөлт хийх зэрэг ажлуудын бэлтгэлийг хангах шаардлагатай байгаа.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын нийт төлөвлөлт 539 га талбайд хэрэгжиж байгаа. Арьс, ширний бүсэд Дэлхийн банкны төслөөр дэд бүтэц болон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ. Мах боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, ноос, хүлэмжийн аж ахуй зэрэг бусад аж үйлдвэрийн бүсүүдийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийг хэрэгжүүлэх судалгааны ажлуудыг холбогдох нэгжүүд хийж байна. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т гол барьж байгаа бодлого олон улсын стандартыг хангах, экспортыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй төлөвлөлт хийж байгаа хэмээлээ.