Халзан толгойтой, уруулынхаа хоёр талд цөөхөн жирэвгэр сахалтай, гартаа арьсан бор цүнх барьчихаад үргэлж л хошигнон инээмсэглэж явдаг багштай байлаа. Багшийн гутал үргэлж цэвэр. Хар хромон гутал жийчихнэ. Тэр нь ширхэг ч тоосгүй, үргэлж л нүүр харагдтал гялтганаж харагддаг сан.
Хөдөөгийн буйдхан жижиг суманд өглөөний 08:30 цаг болохтой зэрэгцэн гудамж амь оров уу гэлтэй энд тэндгүй цүнхээ үүрч, сургууль цэцэрлэгээ зорьсон багачууд алхална. Тэдний дунд багш өнөөх л гялтганатал тослосон хром, бор дээлээ өмсөөд нэг ч үрчлээсгүй шар дурдан бүс цэмцгэр гэгч нь ороож, өнөө бор цүнхээ бариад л хурдлан алхаж явдаг сан. 20, 30 жил яг л тэр янзаараа.
Нэг ч удаа хоцорч байгаагүй, нэг удаа ч өвчтэй гэж чөлөө авч үзээгүй. Үргэлж л уул шиг дүнхийж, салхи шиг элбэж, нар шиг мишээдэг байлаа. Хошин гэж жигтэйхэн. Арван жилийн сургуулийн 18 ч хүрээгүй нялх хүүхдүүдийг хэн л тоож тань шиг харьцахав. Бодоод байхад багшаасаа нэг ч удаа айж эмээж үзээгүй юм даг. Яг л найз шиг, хамаатны дотно хүн шиг, зарим үед аав шиг л байдаг байлаа. Халзан толгойгоо илээд л инээнэ. Биднийгээ цаашлуулна. Хөгжилтэй, сонин содон юмс, хичээлдээ хичээх ёстой шалтгааны талаар ярина. Таны дэргэд бид мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан.
Нээрээ таныг анги даасан багш болсноос хойш манай ангийнхан түүх, нийгмийн хичээл дээрээ гэнэт цоорсон юм даг. Бүгд 100А. Дүн гармагц журнал дахь манай ангийхны дүн бүгд жирийсэн онц. Инээдэмтэй ч юм шиг, үнэндээ багш л биднийгээ суга өргөж, онц дүнг өрчихдөг байсан хэрэг.
Энэ ч яамай, хувийн хэрэгт юу гэж бичсэн гэж санана. Арван жилээ төгсдөг жил хувийн хэрэгээ сургуулиасаа авлаа. Гэртээ харьж тэсэхгүй замдаа явахдаа багшийн тодорхойлолтыг уншаад мэл гайхаж, бас элгээ хөштөл инээж билээ. Би чинь таг солгой хүн. Харин багш минь тодорхойлохдоо “Сурагч Б.Даваахүү нь сургуулийн дууны уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн” гэсэн байв.
Хамаг сайхнаараа магтаж бичсэн нь тэр. Багш минь дээ. Таны төсөөллөөр та яг дэлхийн хамгийн шилдэг хүүхдүүдийн анги даасан багш байсан байхаа. Үймүүлдэг, хэрэг тарьдаг, чихнээс чинь байнга хонх уядаг, сайн ч сурдаггүй биднийг тийм сайхнаар хайрладаг байсан юмуу.
Одоо л таны тухай бичихгүй бол жил ирэх тусам сэтгэл дэх дүр чинь бүдгэрээд байна. Биднийг төгсөх жил хувийн шалтгаанаар өөр багшид хариуцуулахад үнэндээ их санасан шүү. Багшийгаа хурдан ирээсэй л гэж хүсдэг байлаа. Гэхдээ таныг зовоохгүйн тулд ангийнхан чинь чадлаараа хичээж, сургуулийн зүгээс зохион байгуулсан бүх л тэмцээн уралдаан, урлагийн үзлэгт оролцдог байсаан. Та ч сэтгэл амар байгаагүй юм билээ.
Их сургууль төгссөний дараа таныг хотод ирэхэд ангиараа нэг уулзсан даа. Бээжин яваад ирсэн багш нь гээд бид нарт бүгдэд нь жижигхэн аман хууран түлхүүрийн оосор бэлэглэж билээ. Чигчий хурууг хоёр хуваасантай тэнцэхүйц жижигхэн хөөрхөн аман хуур. Үлээхэд жинхэнэ аман хуурнаас дутахааргүй чанга дуугардаг. Тэр өдөр хэдүүлээ зад караокедоод, дараа нь харин бид Ээгийд зөндөө зэмлүүлсэн. Уг нь 20 жилийн уулзалтаараа тантай дурсамжаа яриад “амаа урагдтал” инээнэ гэж бодсон юмсан. Гэвч, та байхгүй.
“Багш хорт хавдартай болсон гэнэ. Хотод ирсэн, эмнэлгээр яваа юм байна” гэх мэдээ манай ангийханд хүнд цохилт болсон. Боломжоороо багшдаа хэдэн төгрөг цуглуулаад очлоо. Өвдсөн шинж юу ч алга. Урьдын адил инээчихсэн зогсож байв. “Багш нь сүртэй өвдөж байгаагүй болохоор тоогоогүй юм. Сая үзүүлтэл ийм болчихжээ” гэнэ. Бид тэнд тийм эмнэлэг сайн гэсэн тийшээ үзүүлээд үзвэл гээд л амьхандаа сэтгэл санааг нь өргөх санаатай. Харин багш тоосон шинжгүй “миний охин жаахан таргалаа юу даа” гэх мэтээр бидний яриаг өөрчилж, инээдэм болгоно. Тэрнээс хойш 8 сар орчмын дараа уулзсан санагдана. Тэр уулзалт бидний хамгийн сүүлийнх байсан. Багшийн бие өдөр өдрөөр муудсаар байж. Намрын тэр сэрүүн өдөр тантай уулзахад таны сэтгэл ч тэр өдрийн цаг агаар шиг санагдаж байсан. Уг нь багш минь өөртөө таарсан мах шөлтэй, харахад сүрдэм хүн байв. Гэтэл хорт хавдар бага багаар дотроос нь шимсээр турж эцэж, хоёр чих нь дээш горзойчихсон байсан нь одоо ч тод харагдаж байна. Байнга хошигнон инээдэг хүн чинь цаанаа л нэг зовуурьтай. “Хурдхан явах юмсан” гэх үг амнаас чинь унахыг анх удаа тэгэхэд сонссон. Тэр өдрөөс хойш нэг их удаагүй дээ.
Тэнгэрийн оронд та тийм их хэрэгтэй байсан юм байлгүй. Удахгүй 20 жилийн уулзалт болох нь. Бид лав таныг санана. Аль дээр Бээжингээс ирэхдээ амласан нөгөө хонийг чинь уг нь 20 жилийн уулзалтаараа авах гэж байсан юм. Таны яриаг сонсож, хөөрч онгироод, дагуулж баахан яваад аягүй бол Ээгийд ахиад загнуулах байсан байх даа. Таньгүй уулзалт ямар байхыг төсөөлөхгүй байгаа ч, та минь тэнгэрт тодоос тод гялалзаж байгаад итгэлтэй байна. Хэзээ ч мартамгүй багшдаа хэзээд дурсан санах шавь чинь багш нарын баярын энэ өдөр үгэн зул өргөе. Та минь энхжингийн орондоо түмэн зулын гэрэлд амар амгалан суугаарай.
Ангийн багш С.Ноовынхоо гэгээн дурсгалд зориулан бичив