ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мөнхтуул: Ямар нэг байдлаар хуурч нүцгэн зургийг нь авдаг

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-07

Өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарал тавих, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор ЦЕГ-аас UNFRIEND аяныг зохион байгуулахаар болсон билээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтуулаас тодрууллаа. 

-Цагдаагийн ерөнхий газраас “UNFRIEND” аяныг сарын хугацаатай зохион байгуулж байгаа  гэсэн. Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өсвөр насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэг зөрчил эрсдэлт хүчин зүйлээс урьд­чилан сэргийлэх, хамгаа­лах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгохоор хяналт тавин ажиллаж бай­на. Иргэдийн эрх зүйн мэд­лэгийг дээшлүүлэх төрийн болон төрийн бус байгуул­ла­гуу­дын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ сарын 05-27-ны өдрийн хооронд UNFRIEND хөдөл­гөө­нийг зохион байгуулж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд фэйсбүүкийн хар жагсаал буюу black list гэсэн группыг нээн ажиллуулж байгаа юм.

-“Хар жагсаал” группын зорилго нь юу вэ?  

-Фэйсбүүк дэх садар самуун сурталчилсан эсвэл зүй зохисгүй үг хэллэг ашигласан контэнт агуулж байгаа групп, пэйж хуудаснууд, зарим тохиолдолд хувь хүний хаягууд байдаг. Эдгээр хаягуудыг репорт хийж фэйсбүүкэд мэдээлэх зорилготой юм. Садар самуун сурталчилж байна гэсэн репорт мэдээллүүд фэйсбүүкэд очсон тохиолдолд тухайн пэйж хуудас группыг юм уу хувь хүнийг устгах арга хэмжээ авдаг юм байна. Ийм учраас уг группыг нээсэн. Иргэд их олноор дэмжин ажиллаж байгаа. Хэдхэн хоногийн дотор 15 мянга гаруй гишүүнтэй болсон байсан. Уг группд хэрхэн репорт хийх зааврыг байршуулсан.

-Өсвөр насны хүүхдийн цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол олон байгаа гэсэн. Эцэг, эхийн хараа хяналт сул байгаа гэж ойлгож болох уу?

-Нийт өсвөр насны хүүхдүүдийн 60 хувь нь өөрт тулгамдсан асуудлаа онлайн найзуудаасаа асууж шийдвэрлэдэг гэсэн албан бус судалгаа байдаг. Тэгэхээр таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна гэсэн үг. Танай хүүхэд фэйсбүүкэд байгаа найзуудынхаа хэдийг нь таних уу, танихгүй хэдэн хүнтэй шинээр найз болж байгаа, танилцсан хүн нь хэн байгаа вэ гэдэг өөрөө маш их эрсдэлийг дагуулж байдаг. Мөн фэйсбүүкт +18 гээд хайлт хийхэд хэтэрхий олон гарч ирж байсан. Санхүү өгнө, авна гэдэг ч юм уу, +18 видео бичлэгүүд гэсэн групп маш олон байдаг юм байна. Сонирхолдоо хөтлөгдөөд, санаандгүй тэр группд элссэн байхад тэр хүүхэд өнөөдөр юуг харж, сурч авах уу, юуг мэдэж сонсож байх уу, төлөвшил хүмүүжилд нь яаж нөлөөлөх үү гэсэн томоохон асуудал үүсч байдаг. Фэйсбүүк өөрийн гэсэн нөхцөл шаардлагатай. Энэ нөхцөл шаардлагад нийцэхгүй байна, садар самуун сурталчилсан контэнт агуулаагүй гэсэн хариу их ирдэг. Ингээд тэр групп, пэйж хуудас устгагдахгүй ч гэсэн бид эцэг эхэд нь ийм ийм группүүд байдаг юм байна шүү дээ. Эдгээр нь таны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэсэн сэрэмжлүүлгийг хүргэх зорилготой юм.

-Эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Хүүхдийнхээ фэйсбүүк рүү ороод үзээрэй гэж хэлмээр байна. Эцэг, эхчүүд хүүхдээ ямар группд байдгийг нь харах хэрэгтэй. Тэгээд эрсдэлтэй группд байдаг бол хүүхэдтэйгээ ярилцах нь чухал. “16, 17 насны охид хөвгүүд” гэсэн групп их олон байдаг. Тэр группыг хаана гэдэг бол боломжгүй. Магадгүй нэг нэгэндээ тусалдаг хүүхдүүд байж болно. Гэхдээ бас эрсдэлтэй хүчин зүйл дагалдаж байдаг. Тэр нь юу вэ гэхээр 10-16 насныхан хоорондоо танилцдаг юм байна. Тэгээд “Долоо хоног үерхье. Хайраа гэж дуудъя” гэдэг тоглоом тоглодог байна. Ингээд танихгүй хүүхдүүд бие биетэйгээ чаталж эхэлнэ. Гэтэл нөгөө талд ямар хүн байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Магадгүй интернэтийн гаж донтон байхыг ч үгүйсгэхгүй. Хүмүүс өсвөр насны хүүхдүүдэд худлаа хэлж танилцана, муу зүйлд уруу татана.  Хэд хоног чатлаад өөртөө дасгадаг. Дараа нь ямар нэг байдлаар хуурч нүцгэн зургийг нь авдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг бий болгож болохгүй. Чиний танилцаж байгаа танихгүй хүний цаана хэн байна вэ гэдгийг мэдэхгүй учраас энэ нь эрсдэлийг дагуулна шүү гэдгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Мөн фэйсбүүктээ олон зураг хийх хэрэггүй. Яагаад гэвэл чиний зургийг хэн ч авах боломжтой. Нэг охины зургийг “Санхүү өгнө, авна” гэсэн групп ковор зураг болгон ашигласан тохиолдол ч гарч байсан.