ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд хамгаалалд цахим хувийн хэргийг нэвтрүүлье

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-10

Манай суманд малын асуудал хариуцсан тав, хүүхдийн асуудал хариуцсан ганц хүн бий. Энэ бол Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлд ямар бодлого баримталж ирсэний тод жишээ билээ.  

Сэтгэл сэрдхийлгэж, зүрх зүссэн ноцтой гэмт хэргийн ард олон хүүхэд хохирч, бид тоог нь тоолж, Сүхбаатарын талбайд зул өргөхөөс хэтрээгүй өдий хүрсэн. Тэгээд л мартдаг, ахиад дараагийн хохирогчийн асуудал хөнддөг нь нууц биш. Дахиад төв талбайд зул өргөж, тоог нь тоолсоор. Бид юу хийж, хүүхдээ хамгаалж чадах вэ.

Одоо тэгвэл саналаа уралдуулъя, гадны сайн жишгийг хуулъя, сайн сайханд чиглэсэн бүх зүйлийг туршицгаая, бүр хуулаад тавьсан ч яадаг юм. Яг одоогоор УИХ-ын 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Хүүхэд хамгааллын хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, нэн яаралтайгаар Засгийн газар болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Цахим шуудангаар таны саналыг аваад эхэлсэн тул хүүхэдтэй, хүүхэдтэй ажилладаг, хүүхдийн төлөө санаа тавьдаг бүх хүнийг саналаа өгөөч гэж уриалж байна, бид.  

Орчин тойронд чинь юу хэрэгтэй, ямар шийдэл, ямар сайн туршлага байна бүгдийг нь Хүүхэд хамгааллын хуульд нэмэрлэх боломж бидэнд яг одоо байгааг сануулъя. Салбарынхны яриад байгаа цахим хувийн хэргийг ч нийтээрээ дэмжих ёстой юм. Цахим хувийн хэрэг гэдэг нь юу болох талаар нэгэн жишээ дурьдая. Хэдэн жилийн өмнө хойд эцгийн гарт нэгэн сурагч охин амиа алджээ. Түүнийг С гэж нэрлэе. Удаан хугацаанд угжирсан гэр бүлийн хүчирхийлэл яван явсаар эцэстээ хөөрхий хүүхдийн аминд хүрч төгссөн гунигт түүх. С хөдөөгийн сумаас хотын дүүргийн сургуульд шилжиж ирсэн байж. 

Хүний өөдөөс зоригтойхон эгцэлж харж чаддаггүй, дуу муутай тэр хүүхэд үргэлж муухан хувцастай гундуухан явдаг. Хааяа хөл нь доголчихсон явахтай ч таарсан багш нь С-тэй ярилцсанаар гэр бүлийн хүчирхийлэлд байдгийг нь олж мэдсэн аж.

Ингээд сургуулийн нийгмийн ажилтан, хорооны мэргэжилтэнд хэлж, С-ийн эцэг эхийг дуудан уулзсан байгаа юм. Гэвч маргааш нь С өөр сургууль руу шилжсэн. Дахиад өөр хороонд өөр сургуульд сурсан гэсэн үг. Багш нь илэрхий шарх олж харсан, дахиад л эцэг эхтэй нь уулзсан. Мөн л хүүхэд шилжсэн. Ингэж явсаар хүүхэд амиа алджээ”.

Тэр үед л өнөөдөр яриад буй цахим хувийн хэрэг гэгч нь байсан бол хөөрхий хүүхэд аврагдаж чадах байж. Ерөнхий боловсролын сургуульд  цаасан хувийн хэрэг гэж бий. Тэр цаасан хувийн хэрэгт хүүхдийн сурлагын дүн, зан төлөв, авьяас чадварыг бичихээс хэтэрдэггүй. Тэр хувийн хэрэг юуг ч нотолдоггүй, эзнээ хамгаалдаггүй, бас хэрэг болдоггүй. Цаг үеэ дагаад хэрэгцээг нэмэх боломж нь магадгүй өнөөдрийн хуульд тусгахаар яригдаж буй цахим хувийн хэрэг байх боломжтой шүү дээ. Тиймээс  хүүхдийн эсрэг эцэг,  эх нь гэмт хэрэг үйлдэхэд тухайн цахим хувийн хэрэгт мэдээлэл үүсч байдаг. Хаяг нь, ямар сургуульд сурч байсан нь, хаанаас шилжиж ирсэн нь гэх мэтээр бүх мэдээлэл бүртгэгддэг баймаар. Аль ч сургууль руу шилжсэн устдаггүй. Мөн өөр бусад хүн унших боломжгүй, зөвхөн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, цагдаа нэвтэрч хянадаг. 

Тухайн хувийн хэрэгтэй нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч танилцах боломжтойгоос гадна сургуулийн эмч мөн нэвтрэх байдлаар зохицуулж, тусгай өнгөтэй тэмдэг ашигладаг байх талаар санал дуулдаж эхэлснийг хоёр гараа өргөөд дэмжицгээе. Энд улсын төсвөөс тийм ч их мөнгө орохгүй. Гагцхүү хүүхдийн аюулгүй байдал, насан туршид хамгаалагдах, 18 нас хүрмэгц тэрхүү мэдээлэл устдаг байх юу мэдээлэл алдагдахгүй байх талаас системээ тунчиг сайн хийгээд өгвөл энэ бол маш ухаалаг арга. Ингээд хүүхэд цахим хувийн хэрэгтээ тусгай тэмдэглэгээ олон авсан буюу олон удаагийн давтамжтай хохирсон тохиолдолд хамтарсан баг гарч асуудлыг шийдвэрлэж, хүүхдээ хамгаалдаг болох хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй бөгөөд энэ саналыг оруулж ирж буйд туйлын талархалтай хандаж байна. 

Эцэст нь хэлэхэд хүн бүр дахин хүүхэд хохирохгүй нийгмийг бүтээхийн төлөө Хүүхэд хамгааллын хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай танилцаж, өөрийн саналаа [email protected] цахим шуудан руу яг одоо илгээгээрэй хэмээн уриалж байна. Таны санал, хүүхдийн орчныг мэддэг, мэдэрдэг хүн бүхний ухаалаг үг, үйлдэл цугаар нэгдсэн цагт бид сая л төгс хууль боловсруулж чадах билээ.