ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Инфляцийг ирэх онд 4-8 хувийн түвшинд хүрнэ

O.Admin
2023-10-11

Инфляц 2024 онд 7.8 хувь буюу Монголбанкны зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж Төв банк таамаглаж байна
Монголбанк энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж өмнөх төсөөллөө ахиуллаа.

Энэ оны долоодугаар сард инфляц 9.2 хувьд хүрснийг хасаж тооцвол Монгол Улсын инфляц 2011 оны 11 дүгээр сараас хойш буюу бараг хоёр жилийн турш хоёр оронтой тоонд хадгалагдаж ирсэн юм. 20 орчим сарын дараа инфляцын түвшин эргэн 9.3 хувьд хүрч Төв банкны зорилтот түвшинд, нэг оронтой тоонд тогтвортой дөхөхөөр байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 15-ны хурлаараа бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин болж байна. Үүнээс өмнө 2022 онд Төв банк бодлогын хүүг өсгөх циклээ эхлүүлж, зургаан хувь байснаас таван удаа дараалан өсгөж 13 хувь хүргээд байсан юм.

Харин инфляц 2024 онд 7.8 хувьд буюу Монголбанкны зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж Төв банк таамаглаж байна. Хүнсний бус инфляц, импортын барааны үнийн өсөлт саарах, шатахууны үнэ, тогтвортой байхтай холбоотойгоор цаашид, буурахаар хүлээгдэж байна гэж Төв банк тайландаа дурджээ. Мөн бодлогын хүүг 2023 оны III, IV улиралд 13 хувьд хэвээр хадгалах дохио зах зээлд өгөөд байна.

Түүнчлэн энэ онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч байгаа боловч зэсийн баяжмал, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг эрчимжүүлж байгааг Монголбанк мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт 2023 онд 5.6 хувь, 2024 онд 6.0 хувь, 2025 онд 5.9 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.

Хэдий тийм боловч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах нь эдийн засгийн өсөлтийг доош татах хамгийн гол эрсдэл хэвээр байгааг дурджээ. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцлов.