ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөндөх сэдэв: Зам дээр гээгдсэн гуталны өчил

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-18

Би өдөр бүр зөөлхөн даавуугаар намайг арчиж зүлгэдэг тув тунгалаг харц, гэгээхэн мөрөөдөл, цагаахан сэтгэлтэй эзнээсээ хүслээр бус хяслаар гээгдэж хоцорсон золгүй гутал байна аа. 

Бие минь хоёрхон төө, гадар минь гялгар лак, харин ул минь зузаан, бас арзгар. Эзэн минь намайг өмсөх бүртээ инээмсэглэж толины өмнө гурав эргэлдээд, хоншоорыг минь гялалзтал цэвэрлэж өгдөг байв. Тэр үед би хэн нэгэнд хэрэгтэй байхын жаргалыг мэдэрсэн жаргалтай гутал байсан юм. Харин одоо салхинаас өөр илэх зүйлгүй машины хүнгэнэх чимээ, сигналдах дуу тачигнасан замын хажууд тоосонд дарагдан хэвтэж байна. Одоо би та нарт эзнийхээ тухай, түүнтэй байсан сүүлчийн өдрийнхөө тухай ярьж өгье.

Тэр минь 12 настай, цэцэг шиг үзэсгэлэнтэй нэгэн байлаа. Бидний хамт байсан сүүлийн өдөр нартай дулаахан, жирийн намрын өдрүүдээс ялгарах зүйлгүй л байв. Эзэн минь урьдын адил намайг гялалзтал арчаад, урьдчилж зэхсэн цүнхээ үүрч, сургууль руугаа яарсан сан. Цэцэрлэгт байхаасаа л найзалж, сургуульд орохдоо ч нэг ангид суралцсан үеийн жаахан найзтайгаа замаасаа нийлж автобусны буудлыг чиглэн гангар гунгар алхаж явлаа. 

Ерөөс гэрт өрнөсөн үйл явдал, ангийнхны хайрын паян, ээжийн үлдээсэн мөнгөний хэмжээ гээд тэдэнд ярих зүйл мундахгүй. Гэрийнхнийхээ тухай ярихдаа уруулаа цорвойлгон үе үе гомдоллох бол хайрын тухай ярихдаа хацар нь үл ялиг улайж, хоолойн өнгө нь нарийсна. Нэгнийхээ гараас зуурч инээлдэнэ. Өсвөр насны үерхэл ямархан сайхан билээ дээ.

Нэг нэгнийхээ хамгийн сайн сонсогч, зөвлөгч нь болдог нас. Үе тэнгийн хоёр жаахан охин ийн явсаар автобусны буудлын ойролцоо ирж, зам хөндлөн гарах болов. Зам хөндлөн гарахдаа заавал аюулгүйн гарцаар гарах ёстой гэсэн эцэг эхийн захиасыг дагаж, хөндлөн цагаан зураасан дээр зогсч байлаа. Сургууль руу явах автобусны  буудал замын цаана харагдана. Яг урагш гишгэх гэтэл нэг л совин татаад болдоггүй. Гэхдээ би ердөө л гутал шүү дээ. Эзэн минь харин тоосон шинжгүй, найз охиныхоо гараас чанга гэгч нь атгаад зам руу алхаад орчихлоо. Ердөө хоёрхон эгнээтэй зам. Эхний эгнээний машин зогсч, “аюулгүй яваарай” гэсэн шиг толгойгоо дохино. Эсрэг урсгал хоосон тул охид хөтлөлцөн яаравчлан алхлаа. 

Гэвч... Яах ийхийн зуургүй хажуугаас нэг зүйл маш хурдтай ирээд биднийг мөргөчихсөн юм. Ингэж л би энд хаягдсан хэрэг. Саяхан л инээмсэглэн хөөрч догдлон хөтлөлцөж явсан хоёр охин нэг нь замын баруун хажуу руу, нөгөө нь зүүн тал руу зургаан метр орчим газарт шидэгдсэн байлаа. Сэхээ автал би зам дээр сугараад үлдчихэж, эзэн минь замын хажуугийн өвсөн дунд  хэвтэж байлаа. Тэр хөдөлсөнгүй. Саяын хурдтай явсан машины 25 гаруй насны болов уу гэмээр жолооч  газарт сөхрөөд суучихсан “Би хүн алчихлаа” хэмээн халаглан хашгирч байв.

Харин нөгөө талд эзний маань найз ч цусанд будагдан хэвтэж байх юм. Гар, хөлөө үл ялиг хөдөлгөж, амьтай голтой байгаагаа арайхийн илтгэнэ. Удалгүй түргэний машин, цагдаагийн алба хаагчид ирж, хархан багаасаа хамтдаа тоглож, хамтдаа өссөн хоёр охины нэгийг нь шүүх эмнэлгийн морг руу, нөгөөг нь гэмтлийн эмнэлэг рүү авч явлаа. Хэзээ ч салж хагацашгүй мэт нэгнээ хайрласан сан. Хэзээ ч холдохгүй мэт найзалсан сан. Хамтдаа гудамж “метр”-лэж, жаргалтай нь аргагүй тоглосон багын хоёр найз харамсалтайгаар салахыг тэгэхэд би харсан. 

Хэрвээ тэр зам дээр хурд сааруулагч байсан бол..., Хэнэггүй тэр жолооч хурдаа жаахан хассан бол... эсвэл гэрлэн дохиотой байсан бол... хоёр найз биенээсээ үүрд хагацаж, хорь гаруйхан насны жолооч алуурчин нэр зүүхгүй л байлаа.

Одоо би эзнийхээ амьд байсан үеийн сүүлчийн өдрийг дурсан өглөөг угтаж, сүүлчийн амьсгалаа татсан тэр газарт сэтгэл зүрхээрээ хоосрон үгүйрч, чимээгүй мэгшдэг золгүй гутал. Хэн нэгэн намайг олж, хогийн цэгт хаях хүртэл тэр өдрийг дурссаар мэгшсээр байх гунигт гутал.