УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал гаргаснаас хойш ердөө долоохон хоногийн хугацаанд хууль өргөн барих хэмжээний буюу 100 гаруй мянган иргэн цахимаар санал өгөөд байгаа билээ. “D-Parliament” өгөгдөлд одоогийн байдлаар 105 мянган иргэн дэмжиж саналаа өгсний 75 хувь нь 35 хүртэл насны залуус байжээ.
Төрийн үйл хэрэгт залуусын оролцоо ямар хэмжээнд хүрснийг энэ үйл явдал харуулж буй юм. Хууль өргөн барих хэмжээнд иргэд саналаа өгсөн учраас хүссэн ч эс хүссэн ч хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эрх зүйн зохицуулалт бүрджээ гэсэн үг. Цаашид ч залуус энэ мэт олон асуудалд дэмжиж, саналаа өгсөөр байх биз ээ. Түүнээс гадна иргэд анх удаа төрийн шийдвэр, хуулийн төслийн санаачилгад идэвхтэй оролцож, олноор нэгдэж нийлэн дэмжиж байгаа нь энэ билээ.
Залуусын оролцоо улс төр болоод нийгэмд хүчтэй байгааг ч батлаад өгөв. Тэгвэл залуусын идэвх зүтгэлийн нөгөө талд үүнийг улдан эсэргүүцсэн улс төр ч хүчтэй өрнөж байх аж. Тэгэхээс ч аргагүй биз. Асуудал нь угаас нийгмийн анхаарлыг татсан сэдэв учраас залуусын эсрэг буюу мөнгөө харамласан улстөрчдийн пиар ч газар авав. Тэр хэрээр асуудал нийгмийн анхаарлын төвд улам төвлөрч, НӨАТ-ын хувийг тав болгож нэмэгдүүлэхийг иргэд шаардсаар байгаа юм.
Тодруулбал, спикерийн гаргасан санал буюу 105 мянган иргэний дэмжлэгийг үнэгүйдүүлэх гэсэн хэсэг бүлэг улстөрчид өнгөрсөн хэд хоногийн хугацаа гараа ч, амаа ч хамхисангүй. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар эсрэг байр суурь илэрхийлж, нийгмийн оюун санаанд нөлөөлөхийг оролдсоор.
Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд анхнаасаа эсрэг байр суурь илэрхийлж байсан хүн. Тэрбээр, “Буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд нөлөөлнө. Сонгууль угтсан улс төр хийж болохгүй. Таван хувь болгож нэмэгдүүлэхэд 600 тэрбум төгрөг шаардлагатай. 100 мянган иргэн дэмжсэн ч боломжгүй. Эсрэгээрээ НДШ-ийн хувийг бууруул гэж яривал өөр хэрэг” хэмээн эцсээ хүртэл байр сууриа илэрхийлж байгаа юм.
Харин бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн хувьд “Татвар болон Эрүүгийн хуульд олон нийтийн санал авах нь буруу. Төсвийн хуулийг хэлэлцэж байгаа. НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй” гэх мэтээр тайлбарлаж, эсэргүүцлээ илэрхийлээд байна. Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь сонгуулийн шоу юм аа. Шоу хийж байгаа хүмүүсээс асуу. Түүнээс гадна татварын бодлогод авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлоготой харшилна" гэх мэт тайлбарыг өгсөөр байх ажээ.
Тэгвэл эсэргүүцэж байгаа та бүхэн энэ хаврын гудамжны улс төрөө дийлэх үү гэж асууя. Сөрөг хүчин энэ бүхнийг тань өлгөж аваад улс төр хийж гэмээнэ эхлүүлсэн атлаа саналаасаа татгалзсан танай намынхан улстөржилтөө дийлэх болов уу. Түүнээс гадна итгэл үнэмшлээрээ дэмжсэн олон мянган залуусын санал үнэгүйдүүлэх хэрэг үү, Б.Жавхлан сайд аа. Хэрэв тийм бол цаашид ямар ч асуудалд залуусын итгэл үнэмшил дэмжлэгийг нэхээд нэмэргүй шүү. Төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцооч гэдэг атлаа түүнд нь оролцоод саналаа өгөхөөр залуусын итгэлийг мохоож, ингэж улдан эсэргүүцэж, урмыг нь хугалмааргүй байх юм.
НӨАТ хууль анх Монголд хэрэгжиж эхлэхдээ далд эдийн засгийг ил болгох, зорилготойгоор хэрэгжиж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэдгийг цагаан дээр хараар бичээд өгсөн. Түүнээс хойш 10 орчим жил өнгөрч, аж ахуйн нэгж, байгууллагын 40 орчим хувь өнөөдөр НӨАТ болж, татварын бүрдүүлэлтийн 27 хувийг эзэлж байна. Цаашид аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 40 орчим хувь биш 80-100 хувь болгохын тулд иргэдэд очих хувийг нэмэгдүүлэх ёстойг эдийн засагчид хийгээд бизнесийн салбарынхан хэлсээр байгаа. Тэр хэрээр далд эдийн засаг багасч, орлого бүрдүүлэлт ч нэмэгдэнэ гэдгийг мэдсэн ч мэдэн будилна гэж баймааргүй. Үнэндээ татварын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийн ил болгохын зорьж байгаа бол улс төрийн бойкет хийлгүй, НӨАТ-ыг хувь хэмжээг таван хувь болгож гэмээнэ ирэх сонгуулиар намдаа илүү оноо л авах билээ.