Өнгөрөгч Бямба гарагт зохион байгуулагдсан Залуучуудын “Career Expo-2023” хөдөлмөрийн өдөрлөгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл” болон “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлж эхэлж байгаагаа зарласан. Эдгээр төсөл, хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбийгаас тодрууллаа.
-ХНХЯ-наас “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг эхлүүлэх гэж буйгаа зарласан. Уг хөтөлбөрийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
- Манай яамнаас хоёр шинэ туршилтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эхнийх нь “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”. Энэ төслийн гол агуулга нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын, тогтвортой ажлын байраар хангах аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүгийн дэмжлэг нь ажлын байраар хангагдсан хүнд олгох цалингийн нэг хэсэг нь болж, тодорхой хугацаанд буюу тухайн хүн ажлын байранд дагалдан ажиллаж, туршлагажих хүртэл хугацаанд ажил олгогчийн эдийн засгийн ачааллыг бууруулах зорилготой. Нөгөө талаар ажил олгогч цалингийн хэмжээгээ нэмэгдүүлж, ажилтнаа тогтвор сууршилтай ажиллуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
- Мөнгөн дэмжлэгийн хэмжээний тухайд харилцан адилгүй байсан. Ямар аж ахуйн нэгжид хэр хэмжээний дэмжлэг үзүүлэх вэ?
- Санхүүгийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд гурван хэлбэрээр үзүүлнэ. Эхнийх нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хөдөөгийн сэргэлт” бодлоготой уялдуулж, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хэрэв хүнийг ажлын байраар хангах бол тав хүртэл сарын хугацаанд сар бүр 825 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дэмжлэгийг үзүүлнэ.
Хоёр дахь хэлбэр нь Засгийн газрын “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 770 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг ижил хугацаанд үзүүлнэ. Харин гурав дахь хэлбэр нь Улаанбаатар хот дахь бусад салбар, чиглэлийн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 550 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгасан.
Төслийн хүрээнд бид нийтдээ 5200 орчим иргэнийг байнгын ажлын байраар хангаж, тогтмол орлоготой болгохыг зорьж байна.
-Ажил олоход хүндрэлтэй иргэн гэдэгт хэнийг хамруулж ойлгох вэ?
-Энэ туршилтын төсөл маань Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд ажил олоход хүндрэлтэй иргэн гэж хэн болохыг тодорхойлсон байдаг. Үүний дагуу туршилтын төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа авдаг хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, зургаан сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэн, тэр дундаа залуучуудыг хамруулна.
- Төслийн санхүүжилт шийдэгдсэн үү. Нийт хэчнээн төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
- Туршилтын төсөлд нийт 5200 хүнийг хамруулж, байнгын ажилтай, тогтмол орлоготой болгоход нийт 11 орчим тэрбум төгрөг зарцуулах ба энэ хөрөнгийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ оны төсөв, ирэх оны төсвийн төсөлд тусгасан.
-Хүссэн ажил олгогч бүр хамрагдах боломжтой юу?
-Мэдээж хүссэн ажил олгогч бүр хамрагдах боломжтой. Гэхдээ бидний төсөв 5200 хүнд зориулсан хязгаартай тул энэ хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангах ажил олгогчдыг төсөлд хамруулж, бид хамтарч ажиллана. Хамгийн гол нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг багадаа нэг жил, түүнээс илүү хугацаагаар байнгын ажлын байраар хангах гэрээ хийнэ.
Олон улсын судалгаагаар ажлын байранд зургаан сараас дээш хугацаагаар дадлагажсан ажилтанг ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол өсдөг юм билээ. Иймд энэ төсөлд хамрагдсан хүмүүс тухайн ажилдаа тогтвор сууршилтай ажиллаж, төслийн хүрээнд тодорхой үр дүн гарна гэж бид үзэж байна.
-Мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэхээ яамнаас зарласан. Тус хөтөлбөрийн гол онцлог нь юу байх вэ?
- Манай яамнаас ажилгүй иргэд, ажил хайгчдыг өөрийнх нь хүссэн мэргэжлээр богино хугацааны сургалтад хамруулж, ажилтай болоход нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ удаа бид Дэлхийн банктай хамтарч, мэргэжлийн сургалтыг илүү боловсронгуй, үр дүнд суурилсан байдлаар, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж, хөтөлбөрийн бүтэц, загварыг Дэлхийн банкны зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулсан.
Сургалтын гол онцлог нь ажил хайгч иргэнийг ажил олгогчийн захиалгад үндэслэн тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтад хамруулах бөгөөд сургалтын хөтөлбөр агуулгыг ажил мэргэжлийн стандартад суурилан боловсруулсан. Мөн суралцагчдыг ажлын байрны захиалга ирүүлсэн аж ахуйн нэгж дээр дадлагажуулж, хамгийн гол нь “soft skill” буюу зөөлөн ур чадварыг хослуулан сургалтыг зохион байгуулна. Ингэснээр тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж бид харж байна.
-Сүүлийн үед ажил олгогчид хандлага, ёс зүйтэй ажилтанг илүү эрэлхийлдэг болсон шүү дээ?
-Тиймээ. Манай яамнаас Дэлхийн банктай хамтран 21 аймаг, есөн дүүрэг, 18 эдийн засгийн салбарын нийт 2500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд “Ур чадварын эрэлтийн судалгаа”-г анх удаа олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор энэ онд хийж, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварын дутагдал, түүний шалтгаан, үр нөлөөг тодорхойлон цаашид хийх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулсан.
Энэ судалгааны үр дүнгээс үзэхэд ажил олгогчид ажилтнаасаа чухалчилж хүсдэг үндсэн зургаан ур чадварын ердөө нэг л техникийн ур чадвар буюу мэргэжлийн ур чадвар бусад нь зөөлөн ур чадвар буюу ажлын ёс зүй, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, санаачлагатай байх чадвар, суралцах чадвар зэрэг ур чадварууд байсан.
Иймд мэргэжлийн ур чадварын сургалтыг зөөлөн ур чадвартай хослуулж зохион байгуулах энэхүү хөтөлбөр маань ажил хайгч, ажилтан хүнд чухал үр өгөөжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан иргэдийн үр дүнгийн нөлөөллийг үнэлгээ, судалгааг бид зэрэгцүүлэн зохион байгуулах тул тухайн иргэн сургалтын өмнө ямар нөхцөл байдалтай байж байгаад сургалтын дараа ямар үр дүнд хүрсэнийг тодорхой тооцож үнэлгээ, дүгнэлт хийх болно.
-Сургалтын төслийн хэрэгжих хугацаа ямар байх вэ. Нэг иргэнийг хэчнээн төгрөгний төсвөөр сургах вэ?
-Хөтөлбөрийг 2024 оныг дуустал хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд хөтөлбөрт 1200 хүнийг хамруулах бөгөөд нийт 1.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар холбогдох зардлыг Дэлхийн банкны төслийн төсөвт тусгасан. Сургалтын нэг хүнд ногдох зардал мэргэжлийн онцлогоос шалтгаалаад 300 мянгаас 1.3 сая орчим төгрөг байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа авдаг иргэдийн хувьд байр, хоол, унааны зардалд мөн дэмжлэг үзүүлнэ.
-Та ажил олгогчийн захиалгад суурилж, сургалтыг зохион байгуулна гэдгийг дурьдсан. Ямар ямар чиглэлийн сургалт байх вэ. Чиглэл нь тодорхой болчихсон уу?
-Ажиллах хүчний хомсдол хамгийн ихтэй байгаа 9 салбарын хамгийн эрэлттэй 20 гаруй мэргэжлээр сургалтыг зохион байгуулна.
Тухайлбал, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний технологич, үйлдвэрлэлийн ажилтан, хүлэмжийн аж ахуйн фермер, барилгын засал чимэглэлчин, бетон арматурчин, цахилгаанчин, гагнуурчин, уурхайчин, хүнд машин механизмын засварчин, оператор, авто замын засварчин зэрэг эрэлт ихтэй мэргэжлээр ажилтан бэлтгэж, ажлын байранд дадлагажуулан зуучилна.
- Эдгээр чиглэлээр ажилд орох хүсэлтэй иргэн, үүнээс гадна байгууллагын захиалгаар сургах иргэн ч хамрагдах боломжтой гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ, энэ хөтөлбөрийн нэг онцлог бол зөвхөн ажил хайгч иргэнийг хамруулж, ажилд зуучлах бус ажил эрхэлж байгаа боловч мэргэжлийн ур чадвараа сайжруулах шаардлагатай, мөн хүсэлтэй хүнийг сургалтанд хамруулах боломжтой.
-Эдгээр төсөл, хөтөлбөрт ажил хайгч, ажил олгогчид хэрхэн хамрагдах вэ?
- Иргэд, аж ахуйн нэгжүүд харьяалах аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандаарай. Мөн манай яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж, дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг аваарай. Та бүхнийг эдгээр төсөл, хөтөлбөрт хамрагдаж ажилтай, орлоготой, ажилтантай болохыг урьж байна.