Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг эмч ажиллагсдынхаа судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, зөвлөн хэлэлцүүлэх, дүгнэн урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн хөгжлийн чиг хандлага 2023” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн хурал өнгөрөгч баасан гарагт Ган зам паласт болсон бөгөөд Азийн эмч нарын холбоо буюу AMDA-тай хамтарснаараа урьд жилүүдийнхээс онцлогтой боллоо.
Үйл ажиллагааг нээж, УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегүл үг хэлэв. Тэрбээр “Манай эмнэлэг жил бүр эмч ажилтнуудынхаа судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, шинжлэн хэлэлцэж, дүгнэж урамшуулдаг сайхан уламжлалтай. Бид судалгааны үр дүнд үндэслэж Улаанбаатар төмөр замын хэмжээнд “Эрүүл төмөр замчин”, төмөр зам дагуух суурин газруудын ундны усны чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг төмөр замчдын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлснээ дуулгахад таатай байна. Эмч нар судалгаа хийснээр өөрсдийнхөө мэдлэгээ бататгахаас гадна олон улсын туршлагыг судалж, түүнийгээ амьдралд нэвтрүүлж, үр дүнг нь тооцон цаашдын үйл ажиллагааныхаа тактикийг боловсруулах гэх мэтээр олон талын ач холбогдолтой юм” хэмээлээ.
Эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд гадаад дотоодын 14 судлаач илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд НҮБ-д бүртгэлтэй, дэлхийн 32 улсад салбартай Азийн эмч нарын холбоо буюу AMDA-ын гүйцэтгэх захирал Таэ Намба, профессор Такүши Сато нар хүндэт зочноор оролцож, УБТЗ-ын төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь энэ өдрийн онцгой үйл явдлын нэг байсан билээ.
Азийн эмч нарын холбооны төлөөлөл болох дээрх Япон улсын зочин профессорууд энэ сарын 6-11-ний өдрүүдэд тус эмнэлэгт ажиллаж, хоол боловсруулах замын дуран, гэмтлийн лавшруулсан тусламж, яаралтай тусламж зэрэг сэдвийн хүрээнд ажлын байрны чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна.
Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, судалгааг нь дэмжих онцгой ач холбогдолтойгоос гадна “Эрдмийн баяр”-тай дүйцэхүйц утга агуулгатай болдгоороо онцлогтой ажээ.
Ийн хэлсний учир гэвэл уг үйл ажиллагааны үеэр тус эмнэлэгт олон жил үр бүтээлтэй ажилласан зургаан их эмч клиникийн профессор хэмээх хүндтэй цолыг гардан авсан явдал байв.
Тодруулбал, Дурангийн их эмч Ц.Баяржаргал, Хүүхдийн их эмч Г.Наранчимэг, Дотрын их эмч Н.Алимаа, эм зүйн тасгийн эрхлэгч Ж.Энхтунгалаг, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Х.Оюушүр, Мэдрэлийн их эмч Б.Шүрэнцэцэг нар Клиникийн профессор цол хүртлээ.
Мөн тус эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, ахлах багш, Анагаах ухааны доктор, профессор П.Цэдэн, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Анагаах ухааны харилцааны ур чадварын тэнхимийн багш Анагаах ухааны доктор, дэд профессор О.Болорсайхан, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш н.Энх-Амар нар илтгэл тавьж, үнэт зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн байв.
Онол практикийн бага хурлын эхний илтгэлийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Анагаах ухааны доктор, дэд профессор О.Болорсайхан “Анагаах ухааны ёсзүйн үндсэн асуудлууд” сэдвээр тавьсан бол Япон улсын профессор Такүши Сато “Яаралтай дурангийн оношлогоо” сэдвээр илтгэлээ. Түүнчлэн, Анагаах ухааны доктор, профессор П.Цэдэн “SARS COV2 вирүсийн эсрэг зарим эмийн эмчилгээний үр дүн” гэсэн сэдвийн дор судалгаа шинжилгээний үр дүнгээсээ танилцуулснаас гадна дотоодын эмч нарын илтгэлүүд тавигдсан юм.
Доктор О.Болорсайхан илтгэлдээ өвчтөн эмч хоёрын харилцаа нь ёс зүйн хэм хэмжээ шаардсан харилцааны төрөл гэдгийг тодотгож, эмч нар хүний эрх, хүний нэр төрийг эрхэмлэж, хувь хүний нууцыг чанадлан хадгалж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох аливаа харилцааны ёсзүйн зарчмыг зөрчихгүй байх тухай Био ёсзүй болон хүний эрхийн тунхаглалын 15 зарчмыг танилцууллаа. Харин профессор Такүши Сато “Яаралтай үед дурангаар юу хийх боломжтой вэ” сэдвийн дор дурангаар түлэх ажилбараар яаралтай тусламжийг үзүүлэхэд 90 хувьд амжилттай болж байсан талаарх сургалт танилцуулга хийсэн юм.
...Эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар сайн, тоног төхөөрөмжөө сайжруулчихвал ур чадвар нь илүү сайжрах боломжтой...
Азийн эмч нарын холбоо болон УБТЗ-ын эмнэлэг хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар хүрэх үр дүнгийн талаар профессор Такүши Сатогоос тодруулахад, тэрбээр “Манай байгууллага 2008 оноос эхлэн Монгол Улсад хүүхдийн болон ахмад настны хараа зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл монгол ард түмний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаа Монголд яаралтай тусламж болон дурангийн үзлэг оношлогоог сайжруулах чиглэлээр сургалт хийхээр ирсэн. УБТЗ-ын төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар энэ ажлаа улам өргөжүүлж, технологи ур чадвараа монгол эмч нартаа зааж сургах юм. Монголд ажиллаж байхад тоног төхөөрөмжийн хувьд сайжруулах зүйл байсан. Эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар сайн, тоног төхөөрөмжөө сайжруулчихвал ур чадвар нь илүү сайжрах боломжтой” хэмээлээ.
Эцэст нь тэмдэглэхэд, AMDA /The Association of Medical doctors of Asia/ буюу Азийн эмч нарын холбоо нь 1984 онд байгуулагдсан НҮБ-д бүртгэлтэй, Японд төвтэй ашгийн бус байгууллага юм. Одоогоор дэлхийн 32 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл байгалийн гамшигт үзэгдэл, дайн самуун, ядууралд нэрвэгдсэн 64 улс оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр 246 удаагийн үйл ажиллагаа явуулжээ.