Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цаг агаарын нөхцөл байдал сэрүүссэнтэй холбогдуулан хэд хэдэн аймаг ирэх хавар хүртэл мотоцикль унахыг хориглох арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Булган зэрэг зургаан аймаг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх оны гуравдугаар сар хүртэл мотоциклийн хэрэглээг хориглосон байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Манай улсад бүртгэлтэй 55 мянга орчим мотоцикль байдаг бөгөөд 80 гаруй хувийг нь хөдөө орон нутгийн иргэд ашигладаг гэсэн албан ёсны тооцоо бий.