ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Р.Ганбат: Хууль бусаар самар түүвэл 300-3000 нэгжээр торгоно

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-11

Самар боловсорч байгаа энэ үед иргэд мөнгө олох зорилгоор хууль бусаар самар түүх нь ихэсдэг билээ. Тэгвэл самар түүх зөвшөөрлийг энэ жил дөрвөн аймгийн зургаан сумын нутагт олгосон талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.

-Манай орны хуш модны нөөц ойн сан бүхий газрын хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хэнтий аймгийн Батширээт, Биндэр хүртэл хуш модон ой үргэлжилдэг. Нийт ойн сангийн тав орчим хувийг, нөөцийн ес орчим хувийг эзэлдэг юм. Байгаль экологид өндөр ач холбогдолтой мод гэж ойлгож болно. Далайн түвшнээс дээш 1800 болон түүнээс дээш метрийн өндөрт ургадаг. Хүчтэй салхи болон түймрийн аюулд өртөхдөө амархан. Үүнээс болж сүүлийн жилүүдэд нөөц талбайн хувьд хомстож байгаа. Байгаль экологид үзүүлдэг ач холбогдлыг нь үнэлж Монгол орны ховор ургамлын тоонд оруулсан Засгийн газрын тогтоол гарсан байгаа.  

-Ойгоос самар түүх зөвшөөрлийг ямар хугацаанд олгодог бол?

-Жил бүрийн есдүгээр сарын 10-аас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл самар түүх зөвшөөрөл олгодог. 2012 онд батлагдсан Байгаль орчны багц хууль, тэр дотроо Ойн тухай хуульд “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн самрын ургацын байдалд үндэслэж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангилж бэлтгэх газар нутгийг бүсчлэн тогтооно” гэж заасан байдаг. Тиймээс орон нутгийн ойн анги болон судалгаа шинжилгээний байгууллагын ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч наймдугаар сарын 30-нд тушаал гаргалаа. 

-Тушаалын талаар дэлгэ­рэн­гүй ярихгүй юу? 

-Самар түүх бүсчлэл тогтоох тухай тушаал гарсан. Архангай аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн болон Хөвсгөлийн Жаргалант, Галт, Тариалан сумын нутгаас болон Хан Хэнтийн нурууны Байгалийн цогцолбор газ­раас хуш модны самрыг ахуйн зориулалтаар бэлтгэж ашиг­лахыг тогтоож өглөө.

-Богд уул, Хандгайт гэх мэт хот орчмын газраас түүж болохгүй. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэхгүй гэсэн үг үү? 

-Хууль журамд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болохыг бүсчлэн тогтооно гэж заасан. Тиймээс тухайн жилийн гарсан тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж болно гэсэн үг ороогүй л бол их хэмжээгээр бэлтгэхгүй. Мөн самар түүх зөвшөөрөлд нэр дурдаагүй газраас самар түүхийг хориглоно

-Хэмжээнээс хамаарч ахуйн болон үйлдвэрлэлийн гэж ангилаад байгаа хэрэг үү. Тухайлбал, ахуйн гэхээр хэд хүртэл килограмм байх ёстой юм бол? 

-Өөрийнхөө хэрэглээнд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болно. Хэрэв 25-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэсэн үг. Мөн ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг хурааж авдаг. Цаашлаад Зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгоно.

-Самар түүх зөвшөөрлийг хаанаас, хэрхэн, яаж авах вэ. Зөвшөөрлийн бичиг авахын тулд хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ?

-Тухайн орон нутгийн байгаль хамгаалагчаас эсвэл Ойн ангиас зөвшөөрлийн бичиг авна. Ахуйн хэрэгцээнд самар түүж байгаа бол нэг килограмм нь 500 төгрөг байдаг. 25 килограмм нь 12500 төгрөг гэсэн үг. Иргэд эхлээд ой руу орж самар түүхээсээ өмнө тухайн орон нутгийн Төрийн сангийн дансанд зөвшөөрлийн бичгийн үнээ тушаах хэрэгтэй. Гэтэл эсрэгээр нь самраа түүчихээд байгаль хамгаалагчтай таа­ра­хаараа мөнгийг нь одоо төлчихөөд зөвшөөрлөө авъя гэж гуйгаад байдаг. Энэ нь өөрөө хууль бус үйлдэл юм.  

-Самарт явж байгаа иргэдэд анхааруулж хэлэх зөвлөмж байна уу?

-Сайдын тушаалд ороогүй орон нутгаас хуш модны самар түүхийг хориглож байгааг дахин сануулъя. Мөн энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх ашиглах зөвшөөрөл олгоогүй учир их хэмжээгээр самар түүсэн тохиолдолд түүсэн самрыг хурааж авахаас гадна байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг төлүүлнэ. Тухайн байгалийн нөөцийг бэлтгэхэд ашигласан машин техникийг улсын орлого болгож, Зөрчлийн тухай хуулиар торгоно. Тиймээс зөвшөөрөгдсөн газраас самар түүж, өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хангаж явахыг анхааруулъя.