ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүндлэл хамгийн тод гэрэл” уралдааны шилдгүүд тодорлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-04

НҮБ 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улс 26 дахь жилдээ дээрх аяныг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас ЖСХ-тэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд боловсрол, соёлын салбарыг татан оролцуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор (СУИС, КУДС, МҮИС, Их Засаг Олон Улсын их сургууль, Сити дээд сургууль, Зохиомж дээд сургууль зэрэг) урлагийн зургаан их дээд сургуулийн дунд гурван үе шаттай уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны нэг, хоёрдугаар шатанд оролцогчид тодорхой сэдвийн хүрээнд постер зураг, богино хэмжээний видео бэлтгэн өрсөлдсөн бөгөөд ГХУСАЗЗАА, Жендэрийн Үндэсний хороо, "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ, Маркетингийн холбоо, "Нандий" филм зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчид оролцогчдын ирүүлсэн бүтээлтэй танилцаж шалгаруулалт хийсэн байна. 

Харин гурав дахь шатны шалгаруулалт болох гран при шатны тэмцээн бямба гарагт болж, Хүний эрхийн үндэсний төвийн Хүний эрхий боловсрол хариуцсан референт О.Тодбулаг, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Э.Ёндоншарав, кино найруулагч Б.Гарамханд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Амаржаргал нар шүүгчээр, Жендэрийн эксперт Б.Оюун Ерөнхий шүүгчээр ажиллалаа.

Энэ удаагийн тэмцээний ач холбогдлын талаар зохион байгуулагчид дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Халид Шарифи: Монголд хоёр эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байна

/НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн/

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хаалт боллоо

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхий даяар жил бүр 16 хоногийн аян зарлагддаг.  Жендэрт суурилсан хүчирхийлэл дэлхий дахинаа тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байдаг бол Монгол Улсын хувьд хоёр эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан гэсэн судалгааны дүн байна.

Тэгэхээр бид энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй. Энэ жилийн аян “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулъя” сэдвийн дор “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатайгаар явагдаж байгаа. Засгийн газар, хөгжлийн түншлэгчид, хандивлагч байгууллагууд, НҮБ-ын агентлагууд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгдээрээ цаашдын ажил, алсын хараандаа энэ асуудлыг анхаараасай гэж хүсч байна. Соёл урлагийн салбарынхныг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд татан оруулах нь маш үр дүнтэй байдаг. Тийм ч учраас өнөөдрийн үйл ажиллагаанд бид дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Л.Нямгэрэл: Соёлын салбарт ажиллаж буй уран бүтээлчдийнхээ хандлагыг зөв залахыг зорьж энэ удаагийн тэмцээнийг зохион байгууллаа

/Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

Mungkin gambar 2 orang, newsroom dan teks

Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтэд зөв мэдээлэл өгөх нь Хууль зүй, Дотоод хэргийн яам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажил мэт явцуу ойлголт байдаг. Энэ удаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг урлаг, соёлын мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэдэг зургаан их сургуулийн дунд зохион байгуулж байгаа. Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан бол жендэрийн хэвшмэл ойлголт гэдгийг урлаг соёлын байгууллагын уран бүтээлчдээр дамжуулан ойлгуулах нь зөв гэдгийг олон удаагийн үйл ажиллагааны туршлагаар олж мэдсэн. Хоёрдугаарт, соёлын салбарт ажиллаж буй уран бүтээлчдийнхээ хандлагыг зөв залахыг зорьж байна.

Урлаг соёлоор дамжуулж, олон нийтийг соён гэгээрүүлж, хандлагыг нь өөрчлөхийн тулд юуны өмнө энэ салбарын уран бүтээлч, ажилтан, албан хаагчдыг зөв чиглүүлж, чадавхижуулах учиртай. Энэ удаагийн уралдаанд оролцож буй зургаан сургуулийн үндсэн багийн 60 оюутан, тэднийг дэмжихээр ирсэн оюутан, залуус бүгд жендэрийн тэгш байдал, хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар бодит мэдээлэлтэй болж чадах юм.  Ингэснээр цаашид хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтийн хандлагыг өөрчилсөн олон уран бүтээл төрнө гэсэн итгэлтэйгээр энэ удаагийн уралдааныг зохион байгууллаа.  

Ийнхүү жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор урлагийн зургаан сургуулийн дунд зохион байгуулсан  "Хүндлэл хамгийн тод гэрэл" уралдааны шилдгийн шилдэг Гран при шагналыг СИТИ дээд сургуулийн баг хүртэж, таван сая төгрөгийн эзэн боллоо. Мөн тус сургуулийн багш М.Цолмонсүрэн шилдэг багшаар шалгарч, хоёр сая төгрөгөөр шагнуулсан юм. 

Уралдааны шилдгүүдийг танилцуулъя:

Постер зургийн уралдаан

Тэргүүн байр: Сити дээд сургууль  

Шагналын сан: 2.000.000

Дэд байр:  МҮИС 

Шагналын сан: 1.500.000

Гутгаар байр: СУИС 

Шагналын сан 500.000

Mungkin gambar 3 orang dan teks

Видео бичлэгийн уралдаан

Тэргүүн байр:  КУДС 

Шагналын сан: 4.000.000

Дэд байр: Сити дээд сургууль

Шагналын сан: 3.000.000

Гутгаар байр: МҮИС 

Шагналын сан: 2.000.000

Mungkin gambar 3 orang, keramaian dan teks

Гран при шагнал

Тэргүүн байр : СИТИ дээд сургууль 

Шагналын сан 5.000.000

Дэд байр: Их Засаг их сургууль

Шагналын сан 4.000.000

Гутгаар байр: Кино урлагийн дээд сургууль

Шагналын сан: 3.000.000

Шилдэг багш: Сити их сургуулийн багш

Мөнгөн шагнал: 2’000’000

Mungkin gambar 12 orang dan teks

Mungkin gambar 9 orang dan teks