ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Нарантуяа: Дүүгийн минь биеэс их хэмжээний хүнцэл илэрсэн

O.Admin
2023-12-06

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьж байгаа билээ. Түүнийг өнөөдрийн сонсголд гэрчээр дуудсан байсан ч хууль, хүчний байгууллагынхан зөвшөөрөл өгөөгүй учраас оролцож чадаагүй аж. Тэгвэл түүний эгч, ах нар нь албан ёсоор мэдэгдэл хийж, дүүг нь яагаад хуралдаанд оролцуулахгүй, гэрчээр дуудагдах боломж олгохгүй байгаа талаар Түр хорооны дарга Б.Энхбаяраас тайлбар хүсэв. Мөн түүний биеийн байдлын талаар ар гэрээс нь мэдээлэл хийлээ. 

Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа “Дүүгийн минь биеийн байдал маш муу байна. Хоол идсэний дараа бөөлжис нь хутгадаг гэсэн. Амыг нь барихын тулд түүнийг хордуулсан юм уу. Хүнцэл гэдэг хор хүний биед байх ёстой хэмжээнээс хэд дахин их гарсан бэ гэдгийг судалсан. Б.Ганхуягийн цусанд хүний биед байх ёстойгоос 9200 дахин их хүнцэл илэрсэн” хэмээн мэдэгдлээ.

Харин хүргэн ах Д.Пүрэвдорж “Дүүг маань нэг ч удаа эмнэлэгт хэвтүүлээгүй. Тэрхүү ноцтой мэдэгдэл хийснээс хойш долоо хоногийн дараа бие нь муудсан. Бид арай ч хордуулаагүй байх гэж бодсон юм. Тэгтэл шинжилгээний хариу гарч ирлээ. Лабораторийн шинжилгээг өнгөрөгч сарын 21-нд өгч, 30-нд хариугаа авсан. Түүнийг санаатайгаар хордуулсан гэж үзэж байна. Бидний хардлагаар түүнийг сонсголд оролцуулж үгийг нь сонсгохгүй, сонсголоос өмнө бурхан болгочихъё гэсэн бололтой байна" гэх тайлбарыг өглөө.

Тэгвэл Түр хорооны дарга Б.Энхбаяр гарч ирж, ар гэрийнхэнтэй нь уулзсан бөгөөд хууль хүчний байгууллагууд руу албан бичиг явуулж, сонсголд ирүүлэх ажлыг зохион байгуулна хэмээгээд энэ ажлыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хариуцуулж өглөө.