ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цасан шуурганаар 46 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ

O.Admin
2023-12-08

Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт дөрвөн иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо.

Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон дөрвөн байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24 гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын цахилгааны тулгуур баганыг хэвийн ажилагаанд оруулсан бол Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур баганы гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна.