ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Иргэний үнэмлэх, 5000 төгрөг байхад болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-12

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай 1072 хувьцааны бүртгэлийн  талаар ярилцлаа.

-2019 онд 1072 хувьцаанд ноогдол ашиг хүртээнэ гэж байгаа. Ноогдол ашиг хүртэхээс өмнө нь иргэд хувьцаагаа бүртгүүлж, данс нээлгэх ёстой. Иргэд хаана,  хэнд хандаж, данс нээлгэх вэ?

-2010 оноос хойш 1072 хувьцааг ярьсан. Хувьцаа амилах нөхцөл боломж 2010 оноос бүрдсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК 461 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм. 1072 хувьцаанд ноогдол ашиг хүртээх эрх үүссэн ч хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар бага хэмжээний мөнгө эхний ээлжинд тарааж байхаар компанийнхаа чадавхийг сайжруулъя, үйл ажиллагааг эрчимжүүлье, төсөл хөтөлбөрөө эхлүүлье гээд шийдвэр гаргасан. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 373.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. 100 гаруй хувийн ажлын гүйцэтгэлтэй байна.

-Иргэд хаана, хэнд хандаж бүртгүүлэх вэ?

-2018 оны гуравдугаар сард  2.5 сая иргэний мэдээллийг компанидаа бүртгэж авсан. Хуучин хаана, хэнд бүртгүүлэх нь тодорхойгүй зөвхөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  хувьцаа эзэмшигч гэснээс өөр зүйлгүй байсан юм. Энэ хугацаанд улс төрийн шийдвэртэй холбоотой мөнгө олголтын ажлууд ч хийлээ. Тухайлбал, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан залуус хувьцаагаа авсан. Дараа нь 300 мянган төгрөгөөр хүртэл Засгийн газар шууд худалдаж байсан шүү дээ. Эдгээр арилжаа компанид бүртгэлгүй  хийгдсэн. Тиймээс энэ онд бүртгэл албан ёсоор эхэлсэн гэж ойлгож болно.

-Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?

-670 орчим мянган хүн хувьцааныхаа эрхийг нээлгэсэн байна. Үлдсэн сая гаруй хүн бүртгэл хийгээгүй. Бид компанийн дэргэд “Хувьцаа мэдээллийн төв байгуулсан. Мэдээллийн төв өндөр ачаалалтай ажиллаж байна. Иргэдэд мэдээлэл зөвлөгөө болон хувьцааны эрхийг нь нээж өгч байгаа юм. Ингэж ажиллаад 4-5 мянган иргэнээс хэтрэхгүй байна. Хэрвээ 2019 онд ноогдол ашиг олгоход хувьцааны эрхээ нээгээгүй иргэд ашиг хүртэж чадахгүй.

-Монголд брокер дилерийн  олон газар бий. Иргэд итгэж чадахгүй байгаа учраас эрхээ нээлгээгүй байх?

-Хөрөнгийн бирж, брокерын 60 гаруй компани бий. Эдгээр газрууд бүртгэсэн ч сард 100 гаруй мянган хүнээс хэтрэхгүй. Сая гаруй иргэний бүртгэлийг бүрэн хийхэд нийтдээ 17 сарын асуудал. Бид хоёр ажлыг зохион байгуулж байна. Мэдээллийн төвөөр дамжуулаад брокер дилерийн компаниудтай хамтарч ажиллаж байна. Иргэдийг Хөрөнгийн бирж эсвэл брокер дилерийн газрууд руу явуулж байна. Бүртгэл хийлгэхэд ердөө тавхан минут болно. Удахгүй манайхаас аппликейшн хийж байна. Үүнд бүртгүүлэхэд ердөө хоёрхон минут зарцуулна. Иргэд өөрсдөө санаачилга гаргах ёстой.

-Хувьцааны нэрлэсэн ханш нь сая төгрөг шүү дээ. Компани ашигтай ажиллаж байгаа юм чинь нэрлэсэн ханш нь өсөх үү?

-1072 хувьцааны нэрлэсэн доод  ханш нь сая төгрөг байгаа. 10 мянгаар  үнэлэхэд цаад санхүүгийн үнэлэмж нь 10 сая төгрөг байх юм. Компани олон улсын зах зээлд гарвал Монгол Улсын гурван сая гаруй иргэний санхүүгийн гүүр нь болно гэсэн үг. Санхүүгийн нэрийн хуудас нь  “Эрдэнэс Таван толгой ХК” юм. Тухайлбал, таван ам бүлтэй айл байлаа гэхэд хамгийн багадаа таван сая  төгрөгтэй гэсэн үг. Өөрсдийнхөө төлөө санал санаачилгатай байгаач ээ гэж хэлмээр байна. Энэ есдүгээр сард Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах гэж байна. Засгийн газрын шийдвэр гарлаа, бүх ажил эхэллээ. Тиймээс яасан ч хувьцаагаа хямдхан зарж болохгүйг иргэдэд зөвлөж байна.

-Бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардлагатай юу?

-Иргэний үнэмлэх, 5000 төгрөг байхад болно. Монгол Улсын насанд хүрсэн иргэн өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ. Өөр зүйл шаардлагагүй.

-1072 хувьцаа эзэмших эрхтэй хэр нь  бурхны оронд одсон олон хүн бий. Энэ асуудлыг хэрхэх вэ. Үр хүүхдэд нь өвлүүлэх асуудлыг төрөөс ярих уу?

-Энэ асуудлыг Засгийн газраар шийдвэрлэнэ. Өвлүүлэх, шилжүүлэх эрхийг нээж өгөх ёстой. Одоогоор хаалттай байна. Энэ сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийнэ. Дүрэмдээ өөрчлөлт оруулна. Нээлттэй хувьцаат компани болно. Үүгээр арилжих болон өвлүүлэх эрх нээгдэх юм. 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн иргэн бүр хувьцаатай байгаа. Түүнээс хойш төрсөн хүүхдүүд эзэмшигч нь биш. Үүнд Засгийн газраас шийдвэр гарч Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг олгох байх.